“Элэгний” хэмээн алдаршсан мэс засалч, доктор, профессор М.Шагдарсүрэн 20 боть ном орчуулан хэвлүүлжээ. Тэрбээр анагаах ухаан, ургамлын толь бичгээс гадна “Ганжуур”, “Данжуур” зэрэг эртний судар бичиг, Японы хайку, Персийн рубай, Хятадын сонгодог шүлгийг орчуулан, Дорнын оюуны өв сангаас түгээжээ.
Ингэхдээ эх зохиолын гүн ухаан, далд бэлгэдлийг нь гарган орчуулсан гэнэ. “М.Шагдарсүрэнгийн эл ботиудын хуудас бүрээс гэгээрэл, ариусахуй, танихуйн ертөнц тэр чигээрээ дэлгэгдэж, оюуны ид хав амтагдаж, сэтгэлийг илбэдэн баясгана.
Энэхүү 20 боть тус бүртээ өөрийн онцлог, шид ертөнцтэй, оюуны мунхаг харанхуйг арилган мянган мэлмий нээгч мөнхийн зул” хэмээн ерөнхий редактор До.Цэнджав бичжээ.