2016.04 Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын “Эксим” банктай нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв.
2018.04 Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын зардлыг Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, 250 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулав. Үүний 171.6 тэрбумыг нь гүйцэтгэлээр олгосон байна.
2019.10 БНЭУ-ын “Engineers India limited” компани газрын тосны үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахдаа төслийн нийт санхүүжилтийг 1.2 тэрбум ам.доллар гэж тооцов. Ингэснээр Энэтхэгийн тал 236 сая ам.долларын зээл нэмж олгохоор шийдвэрлэлээ.
2022.03 Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэв.
2023.09 Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нийт хөрөнгө оруулалт зээлийн ерөнхий болон нэмэлт хэлэлцээрээр тооцоолсон дүнгээс 34 хувиар өсөж 431 сая ам.долларт хүрэхээр байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс баталгаажуулав. Үүнийг эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, гүйцэтгэгч компаниудаас ирүүлсэн саналтай холбож тайлбарлалаа.
2025.01 Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын “Эксим” банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг УИХ-аас батлав. Ингэснээр газрын тосны үйлдвэр байгуулахад зориулж нэмэлтээр 431 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдлээ.
Манай улс газрын тосны үйлдвэр байгуулах ажилд сүүлийн есөн жилийн хугацаанд хэр их хэмжээний мөнгө “цутгасан”-ыг санхүүжилттэй холбоотой дээрх баримтуудаас харж болно. Үйлдвэр байгуулах зардал хэрхэн замбараагүй өссөнийг ч эндээс харах боломжтой. Газрын тос боловсруулах үйлдвэрийг анх нэг тэрбум ам.доллароор барих төлөвлөгөө, тооцоотой байсан. Харин одоогийн байдлаар үүнээс хоёр дахин их буюу 2.2 тэрбум орчим ам.долларыг гадаад, дотоодын эх үүсвэрээс зарцуулаад буйг албаны эх сурвалжууд мэдээлэв. Гэтэл бүтээн байгуулалтын ажлын явц нь 40 хувьд ч хүрээгүй байна. Хамгийн гол ажил болох гүн боловсруулалтын, үндсэн технологийн байгууламжуудын гүйцэтгэл наймхан хувьтай, санхүүжилтийн бэрхшээлээс болоод таг гацчихжээ. Үндсэндээ хамаг нөөц боломж, хөрөнгө мөнгөө шавхчихсан гэсэн үг. Хамгийн сүүлд БНЭУ-ын “Эксим” банкнаас гурав дахь удаагаа хөнгөлөлттэй зээл авахаар хэлэлцээр хийлээ. Үүгээр олж авсан 431 сая ам.доллароор үйлдвэрийн гол байгууламжуудын ажлыг дуусгаж, 36 сарын хугацаанд багтаан ашиглалтад оруулах гэнэ. Анх 2016 онд зээлийн хэлэлцээр хийх үед газрын тосны үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулахаар товлож байв. Дараа нь 2023 онд багтаан ажлыг нь дуусгана хэмээн зарласан. Харин одоо 2027 он болгож сунгалаа. Гурван жилийн дараа ямар зовлон тоочиж, ашиглалтад оруулах хугацааг нь сунгахыг таашгүй.
Газрын тосны үйлдвэр барих төсөл эхнээсээ л бүтэшгүй мөрөөдөл, мөнгө угаах зорилготой ажил, улс төрчдийн сонгуулийн зардлыг босгодог “мөнгөний машин” байсан гэж ярьдаг, харддаг хүн олон. Сая сая ам.доллароор хөрөнгө оруулаад л байдаг, тэр хэрээр ажил нь урагшлахгүй, өөд нь гарахгүй болохоор тэгж хардахаас аргагүй биз. Эндээс маш тодорхой харагдаж буй ганц зүйл гэвэл манай улс хөрөнгө санхүүжилт нь байгаад ч мега төсөл хэрэгжүүлэх чадамжгүй, туршлагагүй аж. Том ярих, сайхан зүйл амлах, ямар нэгэн ажил санаачлах, эхлүүлэх амархан, харин түүнийхээ ард гартал тууштай зүтгэх, тооцоо, судалгаа, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх яггүй гэдгийг энэ жишээ батлан харуулав. Төслийнхөө нийт зардал, эрсдэлүүдийг ч бүрэн гүйцэд, алдаа мадаггүй тооцоолж чадахгүй, ТЭЗҮ, зээлийн гэрээгээ хэдэнтээ шинэчилж, эргэж буцаж буйгаас энэ ажил хэчнээн бүтэлгүй, мордохын хазгай эхэлснийг харж болно.
Засгийн газрын тэргүүн, салбарын сайд, дарга нар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг дагуулан байсхийгээд л Дорноговийн Алтанширээг зорьдог. Тэгэх бүрдээ газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөө ёсны дагуу үргэлжилж буй мэтээр мэдээлж, баахан хүнд үүрэг, даалгавар өгсөн дүр үзүүлээд орхидог. 2022 оны зун гэхэд бүтээн байгуулалтын ажлын явц 63 хувьтай байна гэж мэдээлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард зарим хэвлэлд “Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC1 ажлын явц 99 хувьд хүрлээ” гэсэн гарчигтай мэдээ, нийтлэл гарсан. Гэтэл бодит байдалд эл төслийн үндсэн ажил дөнгөж л эхлээд буй. Хөрөнгө санхүүжилтээс болж өнгөрсөн хугацаанд ажил нь хэдэн ч удаа зогсов, тоогоо алдсан.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зориулалтаас нь хамаараад үндсэн дөрвөн хэсэгт хуваасан. Үйлдвэрийн угтах байр, эмнэлэг, хоолны газар, оффис, сургалтын төв, агуулах, лаборатори, засварын цех зэрэг үндсэн бус барилга, байгууламжийг барих EPC1 ажлыг хамгийн түрүүнд эхлүүлж, 2021 оноос хойш зууралдсаар, өнгөрсөн жил чүү чамай дуусгав. Анхдагч процесс, дагалдах байгууламжуудын барилгын EPC2-ын ажлын гүйцэтгэл өнгөрсөн оны сүүлчээр дөнгөж 17, үйлдвэрийн цахилгаан станц барих EPC3-ынх 14 хувьтай байв. Харин хамгийн гол нь болох үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжийн EPC4-ийн ажил наймхан хувьтай байсан юм. Эдгээрийг дунджилж, нийт гүйцэтгэлийг нь тооцвол 33 хувьтай гарч буй. Нийт ажлынхаа гуравны нэгийг л дөнгөн данган хийсэн гэсэн үг. Хамгийн гол барилга, үндсэн технологийн байгууламжуудаа бариагүй учраас төслийн гүйцэтгэлийг найман хувьтай гэж дүгнэхэд ч буруудахгүй. Эл төслийн гол зорилго нь үйлдвэр барих болохоос эзэнгүй талд ажилчдын байр, оффис, сургалтын төв байгуулах, цементэн зам тавих биш шүү дээ. Үйлдвэргүй бол эдгээр барилга, байгууламж ямар ч хэрэгцээгүй агуулах болж хувирна. Аливаа ажлыг ач холбогдлоор нь эрэмбэ дараатай хэрэгжүүлж, төсөв хөрөнгөө оновчтой, зөв хуваарилахгүй бол эцэстээ ямар байдалд хүрдгийг энэ төслөөс харж болохоор. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Газрын тос боловсруулах үйлдвэр барих нийт хөрөнгө оруулалт 4.1 их наяд төгрөг” гэж өнгөрсөн онд мэдээлсэн. Одоогоор энэ ажилд зарцуулсан, төсөвлөсөн мөнгөний хэмжээ зургаан их наяд руу дөхчхөөд байна.
Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөлд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил багтсан. Нэг үйлдвэр байгуулах гэж бүхэл бүтэн 10 жил мунгинасан улс дөрвөн жилд ийм тооны төсөл зэрэг эхлүүлж, талаас илүүг нь дуусгана гэхээр санаанд багтамгүй. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн ажлыг урагшлуулах, саатсан шалтгаан, нөхцөлийг нь тогтоох хоёр ч ажлын хэсгийг УИХ-аас байгуулаад буй юм билээ. Үйлдвэр барих патентыг холбогдох байгууллагаас хууль ёсны дагуу аваагүй, санхүүжилттэй холбоотой нарийн мэдээллүүдийг нууцад хамааруулах нэрийдлээр замхруулсан, бүтээн байгуулалтын явцын болон дууссаны дараах эрсдэл, үр ашгийн тооцоо, судалгааг үндэслэлтэй хийгээгүй зэрэг ноцтой олон асуудлыг парламентын гишүүд зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэх үеэр хөндсөн. Үүнээс улбаалаад ажлын хэсгийнхэн төслийн санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэлийг хянаж шалгах, мэдээллийг нь ил тод болгохоор зорьж буй гэх. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд “Үйлдвэр ашигтай ажиллаж чадахгүй бол яах вэ. 36 сарын хугацаанд ашиглалтад оруулна гэх баталгаа байна уу. Дахиад зээл, санхүүжилт хэрэгтэй болбол хэрхэх вэ” гэхчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ”Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийнхнаас ам асуусан. Хачирхалтай нь, тэд үүнд дорвитой, тодорхой хариулт өгч чадаагүй. “Хугацаа, төсөвт нь багтаан дуусгана” гэдгээс өөр зүйл хэлээгүй. Нөхцөл байдал яг л ийм бүрхэг.
Засгийн газар “Улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах мега төслүүдийг зэрэг эхлүүлнэ” хэмээн амбицалсаар буй ч тэдгээрийг хэрэгжүүлэх таатай хөрс, суурийг бэлдээгүй, томоохон төслүүдэд тулгардаг сорилт, бэрхшээлүүдийг даван туулах наад захын бэлтгэлгүй, тооцоо, судалгаагүй байна. Яг одоогийн нөхцөлд олон төслийг яаран зэрэг эхлүүлэхээс илүү өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа нэгтгэн дүгнэж, засаж залруулах боломж бүрдүүлэх, гацаанд орсон ажлуудыг урагшлуулах замыг нээх хэрэгтэй. Ингэж эрүүл экосистем бүрдүүлж байж л бид мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадна. Газрын тосны ганц үйлдвэр барьж хүчирдэггүй улс 14 мега төсөл хэрэгжүүлж чадах уу.
Н.Мишээл