Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг үүсгэн байгуулагч, биологич Б.Нямбаярт Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” (National geographic society)-ээс “Wayfinder” шагнал хүртээлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг шинжлэх ухаан, технологи, байгаль хамгаалал, боловсролын салбарт манлайлал үзүүлсэн, дэлхийд эерэг өөрчлөлт авчрах ажил хийж буй шилдэг судлаач, мэргэжилтнүүдэд олгодгоороо ихээхэн онцлог. Тэгвэл өнөө жил уг шагналыг Монголоос анх удаа хүртэж буй нь энэ.
Доктор Б.Нямбаяр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шувуу судлаач дын нэг бөгөөд АНУ-ын Бойзе болон Оклахомагийн их сургуульд биологийн ухааны магистр, докторын зэргээ хамгаалжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд нүүдлийн шувуудын замналыг голлон судалж буй. Тэрчлэн махчин шувуудыг өндөр хүчдэлийн шугамд цохиулж хорогдох эрсдэлээс хамгаалахад чиглэсэн олон улсын төслүүдийг удирдан ажиллаж байна.
“Үндэсний газар зүйн нийгэмлэг”-ээс “Wayfinder” шагналыг 2026 онд 15 хүнд олгохоор шийдвэрлэжээ. Энэ талаарх мэдэгдэлдээ “Тэдний ажил үйлс бидэнд дэлхийг шинэ өнцгөөс харахад тусалж, хүн ба байгаль, орон нутгийн хамтын нийгэмлэгүүдийн уялдаа холбоог бэхжүүлж, дэлхий даяар бодитой бөгөөд үр нөлөөтэй өөрчлөлтийг бий болгож байна” гэжээ. Харин Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн “Олон улсад хүлээн зөвшөөрсөн нэр хүндтэй шагналыг монгол эрдэмтэн хүртсэн нь шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгаалал, олон нийтийн оролцоог бэхжүүлэхэд оруулсан бидний хувь нэмэр, уйгагүй хөдөлмөрийг үнэлсэн явдал боллоо” гэв.