Орон сууц захиалгын гэрээ байгуулж, иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж буй прокурорын байгууллагаас сэрэмжлүүлэв. Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэргийг шалгаж буйгаас 93.7 хувь нь нийслэл, дүүргийн, 6.3 нь орон нутгийн Прокурорын газрын хяналтад байгаа аж. Мөрдөн байцаалтын шатанд шалгаж буй 32 хэрэгт 1283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 иргэнийг яллагдагчаар татан, 545.5 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ. Мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлан, 490 сая төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан аж.
2024-2026 онд орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 44.6 тэрбум төгрөгийг хязгаарлах арга хэмжээ авч, 227.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Мөн 170 хэрэгт 3651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Ч.Туяа