Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулж байна. Тэрбээр, "Нийт тэтгэвэр авагчийн 57 хувь нь 796 мянган төгрөгөөр доош тэтгэвэр авдаг. Жил бүр инфляцтай уялдуулан нэмж байна. Цаашид тэтгэвэр тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ. Манай улсад 504 мянган хүн тэтгэвэр авч байгаа. 25 жилээс дээш жил ажилласан жил тутам 1.5 хувийн нэмэгдэл өгдөг байсныг 2 хувь болгоно. 35 жил ажилласан бол цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувиар тооцдог болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг дэмжинэ. Мөн эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал жил тутамд 4 хувиар нэмэгдүүлнэ. Жишээлбэл 57 насандаа тэтгэвэр гарах байснаа 60 нас хүртлээ ажиллана гэж сонговол тэтгэвэр нь 12 хувиар нэмэгдэх юм" гэлээ.