Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судлаачид монгол бөхөнгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг бэлчээрийн хониныхтой харьцуулан судалжээ. Хонь харьцангуй хязгаарлагдмал бүсэд тогтвортой бэлчээрлэдэг бол бөхөн үүнээс 5-10 дахин өргөн уудам газар нутагт идээшлэн нүүдэллэдгийг тогтоосон байна.
Энэ судалгааг манай орны мал сүргийн тоо бэлчээрийн даацаас хэтрээгүй, зам, дэд бүтэц одоогийнх шиг хөгжөөгүй байхад буюу 2006-2007 оны үед цуглуулсан дата мэдээлэлд үндэслэн хийжээ. Тухайн үед гурван бөхөн, дөрвөн хонинд байршил тогтоогч хүзүүвч зүүн, жилийн хугацаанд дата цуглуулсан аж.
Судалгааны хугацаанд гурван бөхөн 1676- 3990 ам км газар нутгийг туулсан бол хонь тус бүр дунджаар 225.4-403.4 ам км-т бэлчээрлэжээ. Судлаачид “Хуучин датанд үндэслэн боловсруулсан дүн шинжилгээгээр монгол бөхөн бэлчээрийн мал сүргийнхээс асар уудам газар нутагт нүүдэллэж амьдардгийг тогтоолоо. Энэ нь нэн ховор амьтан болох монгол бөхөнгийн тархац нутгийн өөрчлөлтийг үнэлэхэд чухал нөлөөтэй” гэв.
Ж.Сувд