Иргэн Б.Мөнгөнхишиг нарын цахим системд байршуулсан нийтийн өргөдөл холбогдох хуульд заасан тоонд хүрсэн тул УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж буй. “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалж байна. Өчигчдрийн сонсголыг ажлын хэсгийнхний зохион байгуулсан “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд”, “Утааны асуудал: Стандарт, хяналт” сэдэвт хэлэлцүүлгийн талаарх танилцуулга мэдээллүүдийн хүрээнд өрнүүлэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд эхний хэлэлцүүлгийн үеэр яригдсан мэдээллүүдийг танилцуулсан бол удаах сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн З.Мэндсайхан тайлбар өгсөн. Хяналтын сонсголд төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд нийлсэн 50 орчим хүн оролцсоноос заримынх нь байр суурийг хүргэе.
С.ЭРДЭНЭБОЛД (УИХ-ын гишүүн, Хүний эрхийн хорооны дарга):
-Сайжруулсан шахмал түлш нийслэлийн гадаад, дотоод орчны агаар дахь PM10, PM2.5 тоосонцрын агууламжийг бууруулсан боловч хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөн хэвээрээ байна. “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” хэлэлцүүлгээр “Түүхий нүүрс түлдэг байх үед өвлийн агаарын чанарын найрлага дахь PM10, PM2.5 тоосонцор, нүүрсхүчлийн болон хүхэрлэг хийн хэмжээ бүр их, ураг зулбах давтамж өндөр байсан нь ажиглагдсан. Олон улсад хийсэн судалгаагаар түүхий нүүрс түлсний улмаас уушгины хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон. Уушгины хавдраас гадна элэгнийхэд ч нөлөөлж эхэлсэн” гэх мэтчилэн түүхий нүүрс л ярьсан. Шахмал түлшний талаар хамаагүй яривал улс төрчдийг уурлуулж магадгүй гэсэн айдас олонход нь байх шиг. “Чанга хэлчихье” гэсэн зоригтой хүн лав гараагүй.
Б.СУВД (Анагаах ухааны доктор, дэд профессор):
-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаагаар утаа нь ургийн өсөлт удаашрах, жин багатай, дутуу төрөх, зулбах эрсдэлийг нэмэгдүүлж, ДНХ-д нь хүртэл өөрчлөлт оруулж байна. Цаашид 0-5 насны хүүхдүүдийн дунд багтраа өвчин улам ихсэх тооцоолол гарсан. Эдүгээ 100 хүүхэд тутмын зургаа нь багтраа тусаж буй бол 2027 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ. 2024 онд хийсэн судалгаагаар агаарын бохирдлын улмаас дөрвөн сартайгаас дөрөв хүртэлх насны хүүхдүүд хавдарт амархан өртөж болзошгүйг тогтоосон. Тодруулбал, агаарын бохирдлын улмаас уушгины хатгалгаа 18, архаг бөглөрөл 13, тархины судасны өвчин 31, зүрхний ишеми 32 хувиар нэмэгдсэн. Утаа эхийн ихсийн хоригийг нэвтэлж, ургийн тархи, уушгины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болоод удаж байна.
Г.УУГАНЦЭЦЭГ (Хүний их эмч, анагаах ухааны доктор):
-2009-2025 онд угаарын хийн хордлогоор 163 хүн нас барсан гэж сая танилцууллаа. Би өнгөрсөн жил шүүхийн шинжилгээний статистикийн бүх дүн шинжилгээг судалсан. 2017 онд угаарын хийн хордлогоор 74 хүн нас барсан. Шахмал түлш хэрэглэснээс хойш буюу 2018-2025 онд 720 хүн угаартаж нас барсан байна лээ. Гэтэл сонсголоор, мэргэжлийн хүнээр нь угаарын хийн хордлогоор амиа алдсан хүний тоог 163 гэж дарж хэлүүлэхээсээ ичээсэй. Амиа алдсан эдгээр хүний өмнө одоо болтол хэн ч хариуцлага хүлээгээгүй. Нэг хүний амийг тэрбум төгрөгөөр үнэллээ гэж бодоход л 720 тэрбумын нөхөн төлбөрийг угаартаж нас барсан иргэдийн ар гэрийнхэнд төр засгаас төлөх ёстой биз дээ. Би өнгөрсөн жил “Шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй. Засгийн газар болон “Тавантолгой түлш” ХХК-ийнхан утааны найрлагыг судалж, ил тод мэдээлдэггүй. Нийт агаарын найрлагын 21 хувийг хүчиртөрөгч эзэлдэг. Гэтэл бид хүчилтөрөгчөөр бус, нүүрстөрөгчөөр л амьсгалдаг болсон. Утааны улиралд хүүхдүүд жилд 4-5 удаа ханиад, томуу, хатгалгаа тусах гэх зэргээр хүндээр өвддөг. Нэг хүүхдийн эмчилгээнд 1-1.2 сая төгрөг зарцуулах нь хэвийн үзэгдэл. Тиймээс энэ мөнгөн дүнтэй тэнцэхүйц хэмжээний нөхөн олговрыг 0-5 насны хүүхдүүдэд өгөхийг шаардаж байна” хэмээн хэвлэлийн бага хурал хүртэл хийж, Засгийн газрыг шүүхэд өгч байлаа. Гэвч нотлох баримт хангалтгүй гээд авч хэлэлцээгүй шүү дээ.
Ц.АМАРЗАЯА (Иргэн):
-Бодлого, шийдвэр ярих гэж ирсэнгүй. Би гэр бүлийнхээ хоёр гишүүнийг угаарын хийн хордлогоор алдсан. Үхсэн хүний тоо хэдэд хүрэхээр бодлого, шийдвэрээ өөрчлөх вэ гэж асуухаар ирсэн юм. Тэднийг ном дүрмийнхээ дагуу нас барсан гэж ойлгох уу. Таван жилийн өмнө ээж, дүү хоёр минь шахмал түлшнээс болж угаартсан. Дүүг амиа алдахад ээж минь амьдрах тавхан хувийн магадлалтай л мэнд үлдсэн. Гэвч хордлогын улмаас таван жил хэвтэрт байж байгаад нас барсан. Харамсалтай нь, түүнийг өвчний улмаас нас барсан гэж бүртгэсэн шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ. Сайжруулсан гээд байгаа шахмал түлш чинь зөв шийдэл мөн үү. Тухайн үед намайг энэ талаар яривал Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэж цэрэг, цагдаа болон төрийн албан тушаалтнууд хүртэл сүрдүүлсэн.
Ж.НАРАНГЭРЭЛ (Шинжлэх ухааны доктор):
-Сайжруулсан шахмал түлшний түүхий эд, Тавантолгойн нүүрс нь манай орны хамгийн сайн судлагдсан ашигт малтмал. Хүн ба байгаль орчинд хортой элементүүд маш багатай болох нь батлагдсан. Харин шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлингэд үнслэг болон хүхэр их агуулагддаг. Гэхдээ түлшний барьцалдуулагчийн шинжилгээг 2019-2024 онд хийхэд хортой бодис илрээгүй. Барьцалдуулагч нь шатах явцад ямар нэгэн хорт бодис ялгаруулахгүйгээр түлшний бат бэх чанарыг хангах, хүхрийн давхар ислийг үнсэнд барих буюу шингээх гол үүрэгтэй.
М.НАРАНТУЯА-НАРА (УИХ-ын гишүүн):
-Хоёр жилийн өмнө утааны сонсгол хийсэн биз дээ. Түүний үр дүн нь одоо хаана байна вэ. Иргэдийн амьдрал, эрүүл мэндэд мэдэгдэхүйц үр дүн гаргахгүй л юм бол сонсгол хийх шаардлагагүй. Наанадаж, угаартаж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох дүрэм журамтай болох хэрэгтэй. Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр яагаад ирэхгүй байгаа юм бэ. “Утааг арилгая” гэхээр л авч буй арга хэмжээ нь бизнес, авлигын шинжтэй болоод өргөжчихдөг. Утааг бууруулахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж олон жил ярьсан. Гэтэл орон сууцжуулах хөтөлбөрүүд нь дээр, дооргүй хээл хахууль, цаашлаад иргэдийг залилан мэхэлдэг талбар болсон. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлын хүрээнд олон иргэн энэ мэт хохирсон талаараа надад өргөдөл гомдол өгсөөр байна. Гадаадад арайхийн ажиллаж, хураасан хэдэн төгрөгөө байрны урьдчилгаанд өгчихсөн. Одоо байшин ч үгүй, мөнгө ч үгүй болсон гэх. Гэр хорооллыг дахин төлөвлөх явцад хэчнээн хүнийг орон сууцад хамруулснаа баримт нотолгоотой хэлэх хэрэгтэй.
А.АМАРТҮВШИН (Нийслэлийн Засаг даргын орлогч):
-Улаанбаатар хотод энэ онд 20 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөж, өдгөө тендер зарлах бэлтгэл хангаж байна. Нийслэлийн орон сууцын корпорац хохирсон айл өрхүүдийн өргөдөл гомдолд дарагдаж, ачааллаа дийлэхгүй, асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсан нь үнэн. Тиймээс нэг сарын өмнө нийслэлд “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийг байгуулсан. Энэ компанийнхан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара таны хэлсэн асуудлыг шийдвэрлэх юм.
Б.МӨНГӨНХИШИГ (Иргэн):
-Өнөөдрийн сонсгол дүр эсгэсэн, мэдээллийн чанартай илтгэлүүд хэлэлцүүлсэн болоод л өнгөрлөө. 71 мянган иргэн энэ сонсголыг зохион байгуулахыг дэмжиж, гарын үсэг зурахдаа өнгөрсөнд хийсэн алдаа дутагдлуудаа хүлээн зөвшөөрч, утааны асуудлыг шийдэх арга зам эрэлхийлье л гэсэн. Харамсалтай нь, албаныхны илтгэлүүдэд, аман яриануудад ч алдаагаа ухамсарласан, хүлээн зөвшөөрсөн зүйл ажиглагдсангүй. Ирэх өвөл цэвэр агаараар амьсгалмаар байвал Засгийн газрын түвшинд хүртэл өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх нь чухал юм. Харин манайхан дарга нараасаа айдаг юм уу, утааны чиглэлээр өмнө нь хэрэгжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийг амжилттай болсон мэтээр мэдээлж байна. Иймэрхүү илэрхий худал мэдээллүүд л иргэдийг бухимдуулж, төр засагтаа итгэх итгэлийг нь мохоож ирсэн. Тиймээс үнэн бодит мэдээллийг л бид авмаар байна. Цаашид хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдээ иргэний нийгэм, олон улсын байгууллагынхнаар хэлэлцүүлдэг болъё. Тэгэхгүй бол дараагийн арван жилд ч дахиад л түлш, зуухаа ярьсаар байх биз.
О.Оргилох