Нийслэлийн иргэд үргэлж л хэзээ, хаанаас, юу дээрээс уначих бол гэсэн айдастай, гэрлийн шон сүлжиж, арзайж сарзайсан цахилгааны утас тойрон, шороо, тоос, шавар, шалбаагт баригдсан замаар туучдаг. Хотын удирдлагууд иргэдийг автомашиных нь дугаараар ялгаварлан замын хөдөлгөөнд оролцуулж, алхахыг уриалдаг хэрнээ явган зорчих замыг нь огт шийдэлгүйгээр хөсөр хаясанд унтууцах хүн олон. Ер нь нийслэлд явган хүний зам ашигладаггүй нэг ч иргэн байхгүй. Гэрээс гарч, машинаас буугаад л явган хүний замтай “нөхөрлөх” шаардлагатай болдог шүү дээ. Гэвч Улаанбаатарт стандартын шаардлага хангасан, явган хүн алхах зам, талбай байдаг бил үү. Уг нь явган зорчигчийн эрхийг хамгаалж, замыг сайжруулах нь хотын соёл төдийгүй иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй шууд холбоотой. Гэтэл хотын дарга хүртэл нийслэлийн иргэд алхах дургүй учраас түгжрэл үүсгээд байна хэмээн мэдэмхийрч суух. Харамсалтай нь, цементэн ширэнгэ болсон Улаанбаатар хотод явган хүн тайван алхах зам алга. Жишээ нь, Улаанбаатар хотын төв хэсгээр хүртэл явган хүний зам хангалттай байдаггүй. Хүн ам олноор төвлөрсөн Баруун дөрвөн зам, Баянбүрд, Зуун айл орчмоор алхахад л хашлага, автомашины зогсоол, зам дээрх худалдааны лангуу зэрэг саад тулгарч байна. Тиймээс иргэд авто замаар алхахаас өөр аргагүйд хүрдэг. Үүнээс болоод зам, тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь явган зорчигч болж буй. Тодруулбал, өнгөрсөн онд 535 явган зорчигч зам, тээврийн осолд өртөж, амь, эд хөрөнгөөрөө хохирчээ.
“Халтирч унахгүйн тулд үргэлж биеэ чангалж алхдаг”
Хотын захтай харьцуулахад төв хэсэгт явган хүний зам нэлээд бий. Гэвч ихэнх нь стандартын шаардлага хангаагүй. Ихэвчлэн халтирдаг материалтай, чулуу нь хагарч, ховхорсон, энд тэндээ нүхтэй аж. Тухайлбал, МУИС орчмын явган хүний зам өвөлдөө “каток” болчихдогийг оюутнууд нь үргэлж шүүмжилдэг. Нэг жишээ дурдахад, өнгөрсөн мягмар гарагт орсон цасны улмаас сургуулийнх нь урд хэсэг дахиад л мөстөж, оюутнууд нь халтирч унажээ. Тус сургуулийн оюутнууд “Халтирдаг замаа засахгүй олон жил болсон. Тиймээс бид халтирч унахгүйн тулд биеэ бүхэлд нь чангалж алхдаг” гэсэн юм. Мөн зарим байршилд явган хүний болон дугуйн замыг хамтад нь шийдсэн. Үүнээс үүдэн дулааны улиралд дугуйтай, эсвэл скүүтертэй хүмүүс явган зорчигч мөргөсөн тохиолдол нэлээд хэдэн удаа гарав. Бас цахилгааны утас нь ил гарч, таг нь салчихсан гэрлийн шонг явган хүмүүс шүргэх нь холгүй өнгөрдөг. Зарим тохиолдолд хүмүүс хог хаягдаа таггүй гэрлийн шон руу чихээд бөглөчихдөг юм байна. Энэ мэтээр эвдэрч, ховхорсон, дэгэн догонтой, цахилгааны утас нь ил гарсан, шаардлага хангахгүй замаас болж хүн бэртэж гэмтсэн тохиолдол цөөнгүй гардаг ч үүнд хэн ч хариуцлага хүлээж, иргэдийн хохирлыг барагдуулдаггүй гэнэ. Бүр улсдаа ганц ГССҮТ-ийнхөн нь ачааллаа дийлэхээ болиод халтирч унах зөвлөмж хүртэл гаргах вэ дээ. Явган хүнд ээлгүй замуудыг нэрлэснээс стандартад нийцсэнийг нь тоолох нь илүү хялбар аж.
ГССҮТ-өөс Саппоро хүртэлх зам “там” болжээ
ГССҮТ-өөс Саппоро хүртэлх явган хүний зам “там” болжээ. Энд тэндгүй том том хайрга, овоолсон шороо, ухсан нүх тэнд бий. Тойроод гарвал авто зам руу орчих гээд, даваад явъя гэхээр хэдэн метрийн өндөртэй аж. Тиймээс энэ замаар хүүхэд, хөгшид, тэрэг түрсэн хүмүүс явах боломжгүй юм байна. Баянгол дүүргийн долоодугаар хорооны иргэн Н “Үүгээр харанхуйд явбал хаанаас автомашин гарч ирээд мөргөчих бол гэсэн айдастай байдаг. Энд автобусны буудал байрладаг учраас нийтийн тээврээр үйлчлүүлэх гэж олон хүн ирнэ. Хүн бүхэн л энэ саадыг давах хэрэгтэй. Сүүлийн хэдэн сар яг л ийм байдалтай байгаа” гэсэн юм.
Ойрын өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, гудамж талбайд халтиргаа гулгаа үүссэнээс иргэд бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гарчээ. Тухайлбал, уржигдрын байдлаар халтиргаа гулгаанаас үүдэн зам, тээврийн осолд өртөн, унаж бэртсэн 50 хүн ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт ханджээ. Үүний дотор 0-18 хүртэлх насны найман хүүхэд байсан аж.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Энхмаа “Өнгөрсөн зун авто замын бродюруудыг шинэчилсэн. Үүнээс үүдэн өөрөө явж чаддаг байсан газар луугаа хэн нэгний туслалцаагүй хүрэх боломж хязгаарлагдлаа. Учир нь бродюруудыг хэт өндрөөр сольжээ. Тиймээс тэдгээрийг давж гарахын тулд заавал хэн нэгнээс туслалцаа хүснэ. Хэрэв олдохгүй бол автомашины замаар явах шаардлагатай. Заримдаа авто замаар явах нь илүү амар санагддаг. Явган хүний зам заавал гоё сайхан байх албагүй шүү дээ. Харин дэгэн догонгүй, нэгэн жигд, цахилгааны утас ил гараагүй байхад л болно” хэмээв.
Уг нь явган хүн зорчих замд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан хэсэг заавал байх учиртай. Авто болон явган хүний замын уулзвар зэрэг газарт налуу хэсэг гаргахаас эхлээд харааны бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчиход зориулсан стандарт манайд байдаг. Тухайлбал, авто замын байгууламжийн засвар, арчлалттай холбоотой эрх зүйн акт гэж бий. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмж, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, автомашин болон явган зорчигчийг хязгаарлах түр зам гаргах ёстойг тусгажээ. Түүнчлэн хараагүй иргэдэд зориулсан хөтөч хавтан байршуулахаас эхлээд явган хүний зам ямар байх ёстойг нэгбүрчлэн заасан нь ч бий. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан явган хүний зам дээрх шар хавтан тасралтгүй үргэлжлэх ёстой. Тэгж байж харааны бэрхшээлтэй иргэдэд хөтөч болох гол үүргээ биелүүлнэ. Харин манайд энэ стандартыг огт мөрддөггүй. Явган хүний замын голд байршуулсан шар хавтан ямар үүрэгтэй, хэнд зориулсныг нь мэддэг хүн ч ховор юм байна. Бас явган хүний зам хаана дуусна, шар хавтан ч дагаад л тэнд алга болчихдог аж.
Нийслэлийнхэн ирэх өвлийг халтирдаггүй хавтантай угтах уу
Халтирдаг гантиган замуудыг ирэх жил солих нь. Тодруулбал, 2025 онд Улаанбаатарын гол гудамж, замуудыг дагасан 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар солих гэж буйг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр саяхан мэдээлжээ. Ингэхдээ агаарын болон шилэн кабелийг газар доогуур хонгилын системд оруулах юм байна. Мөн гол гудамж, замын нэгдүгээр эгнээний дагуух зогсоолуудыг явган хүний зам, ногоон байгууламж болгож засах аж. Учир нь эдгээр замыг шинэчлэхгүй бол иргэд аюулгүй, тав тухтай алхах орчин хязгаарлагдаж, осол гэмтэлд өртөх, эрүүл мэндээрээ хохирох нь ихэссээр байна.
Өдөрт 30 минут алхах нь эрүүл мэндэд тустай
Авто замын түгжрэлээс үүдэн автобус хүлээж залхсан хүмүүс хахир өвлийн хүйтэнд ч хэдэн буудал газар алхах нь түгээмэл боллоо. Ингэхдээ ухсан нүх, овоолсон шороо, замын хавтангийн хэлтэрхий, муу усны онгорхой нүхийг арайхийн тойрч гардаг нь энгийн үзэгдэл. Бүр зарим байршилд хоёр хүн зөрөх ч зайгүй нарийн зам бий. Ийм нарийн замын голд гэрлийн шон байршуулчихна. Алхахад тохиромжтой зам байхгүй учраас иргэд нийтийн тээвэр, эсвэл хувийн унаагаар зорчихыг илүүд үздэг. Ингэснээр хөдөлгөөний дутагдал үүсэж, таргалалт, зүрх судасны болон чихрийн шижин зэрэг өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Уг нь ДЭМБ-аас зөвлөснөөр өдөрт дор хаяж 30 минут алхах нь эрүүл мэндэд тустай аж.
У.Цэцэгсүрэн