“Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөнд 10 000-аас дээш хүн ам төвлөрсөн суурин газарт гурван километрийн радиуст, эсвэл 4000 хүн ам тутамд гал түймэр унтраах, аврах анги, алслагдсан суурин газарт 2000 хүн ам тутамд гал түймэр унтраах, аврах анги, эсвэл гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг үйлчилж байхаар тусгана” хэмээн Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 18.2-т тод томруунаар заажээ. Харамсалтай нь, ихэнх сум гал түймэр унтраах автомашин, аврах ангигүй байна. Үүний улмаас аюулт үзэгдэл, осол, гал түймрийн үед яаралтай тусламж авч чадахгүй, хүний амь эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирсоор. Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Жаргалант сумд айлын байшин шатаж, бага насны гурван охин амиа алдсан сэтгэл шимшрүүлэм хэрэг гарсан.
Аав, ээж, ахан дүүсийнх нь нулимс хатаагүй байна. Байшин дотор хүүхдүүд нь амь тавьж байхад хэн тэсэх билээ. Улангассан гал руу эцэг, эх нь үсрэн орохыг хүссэн ч хүмүүс тэднийг хамаг чадлаараа хориглож, харахаас өөрөөр тусламж үзүүлэх боломжгүй, нүд халтирам байсныг сумын Засаг дарга ч хэлсэн. Хүнээ боддоггүй, хүүхдэд халгаатай харгис нийгэмд гурван бяцхан сахиусан тэнгэр үдлээд нисчихлээ. Хамгийн халаглам зүйл нь тус сумд гал унтраах, аврах анги байхгүйн улмаас шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадаагүй юм. Хаа байсан 70 орчим км газар, өөр аймгаас гал унтраах автомашин дуудсан байна. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Жаргалантад гарсан галыг унтраахаар Сэлэнгэ аймгийн Баруунхараагаас зургаан алба хаагч хоёр автомашинтай ирсэн ч хожимджээ. Түгшүүрийн дохио хангинуулан ирэхэд нь гурван бяцхан охин хэдийн амьсгал хурааж, байшин нь балгас болсон байсныг нутгийн иргэд ярина лээ. Ойр хавийнх нь хүмүүс машин тэрэг, хувин, саваар ус зөөж, галыг бараг унтраагаад байхад аврах ангийнхан ирсэн гэдэг. Дуудлага өгснөөс хойш бараг нэг цагийн дараа аврах ангийн алба хаагчид газар дээр нь очсон талаар аймгийн онцгой байдлын байгууллагын тэмдэглэлд дурайн үлджээ. Ийм хугацаанд байшин байтугай нь үнс нурам болох биз. Хэрэв Жаргалант сумд гал түймэр унтраах, аврах ангитай бол хэдхэн хормын дотор давхиж очоод шуурхай тусламж үзүүлэх байсан даа гэх харуусал төрнө. Тус сумд 7000 орчим хүн амьдардаг. Галын аюулгүй байдлын тухай хуулиар бол энд аврах анги байгуулах ёстой. Гэвч эвдэрсэн ганц автомашинаас өөр гал түймрийг сөрөх хүчгүй болохоо сумын Засаг дарга Б.Гомбодорж ярьсан. 2020 онд гал түймэр унтраах машинтай болсон ч ажиллуулах хүнгүй, асааж ч хүчрэхгүй байгаа аж. Эл машин нь төсөл хөтөлбөр, тусламжийн шугамаар л “олдсон”, эсвэл хэрэглээнээс хасагдсан эд бололтой. Түүнээс биш онцгой байдлын байгууллагаас албан ёсоор олгоогүй гэнэ. Өөрөөр хэлбэл, онцгой байдлын байгууллагын салбар, нэгж байхгүй газар гал унтраах автомашин ч үгүй юм. Төв аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах, аврах анги байгуулах шаардлагатай хэчнээн сум бийг тодруулахад “Аврах анги хаана, хэд байгааг хэлэх боломжгүй. Ийм мэдээлэл нь нууцын зэрэглэлд хамаардаг. Гал түймэр унтраах, аврах ангийг Засгийн газрын тогтоолын дагуу байгуулдаг юм. Түүнээс аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр нээдэггүй. Манай аймгийн хувьд 4000-аас дээш хүн амтай бүх сумд гал унтраах, аврах анги байхгүй. Эрэн хайх, аврах салбар, бүлэг, анги гэсэн зохион байгуулалттай ажилладаг” гэв. Тус аймаг 27 сумтай. Зуунмод сумд 17 мянга гаруй хүн амьдарч байна. Энд Онцгой байдлын газар бий. Харин Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Эрдэнэсант сумд 4000-аас дээш хүн амьдардаг юм байна. Гэвч эдгээрээс Баянчандмань, Жаргалант, Эрдэнэсант, Лүн зэрэг сумд аврах анги байхгүй. Хүн амын тоо, аюулт үзэгдлийн давтамж өндөртэй эдгээр сумд аврах анги байгуулах шаардлагатайг аймгийн онцгой байгууллагынхан дуулгасан.
4000-ААС ДЭЭШ ХҮН АМТАЙ 97 СУМ БИЙ
Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. 3.7 сая монголчуудын 1.8 сая нь орон нутагтаа амьдарч байна. Гэтэл төр засгаас гаргаж буй шийдвэр, бодлого тэрүүхэн тэндээ, дов дошноосоо илүү гарч шальдаггүй. Аймаг, сум, багт амьдарч буй хоёр сая орчим иргэнээ гаргуунд нь гаргасан гэхэд хилсдэхгүй. Хэрэг, зөрчил, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, аюул гамшиг, гал түймэр, зам, тээврийн осол орон нутагт хамгийн их бүртгэгддэг. Гэвч үүнийг бууруулахад төр засгаас анхаарч ажиллах нь бүү хэл, орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл, боломжоор хангаж чадахгүй байна. Урьдчилан сэргийлж болох аюулд нэг ч гэсэн хүний амийг “өргөхгүйн” тулд шаардлагатай арга хэмжээг даруй авах нь өнөөгийн эрх баригчдын үүрэг, хариуцлага. Тэр ду ндаа Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы шийдвэрлэх ёстой амин чухал ажил баймаар. Гэтэл сайд, дарга нарыг онцгой байдлын нисдэг тэрэг хөлөглөн хангайн болон хойд бүс рүү зөөн, хуралдаж явахад нь хоёр ч томоохон түймэр дэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-нд Сэлэнгэ аймгийн хоёр ч сум түймэрт автахын зэрэгцээ Богдхан уулын Дугуй цагаан орчимд гал гарсан юм. Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрынхнаас гадна иргэд сайн дураараа нэгдэж, түймрийг тухайн шөнөдөө цурманд оруулсан билээ. Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумд дэгдсэн түймрийг өчигдөр л цурманд оруулав. Ийм ноцтой байдалд онцгой байдлын байгууллагынхан нисдэг тэргээ дайчлахгүй, ашиглахгүй байгаа нь олны анхаарлыг татахаас яах вэ.
Гал сөнөөгчид өдөржин, шөнөжин түймэр нүдэж, машин хүрэх боломжгүй уулын орой руу ус зөөж мацсан нь онцгой байдлын байгууллагын техник, хэрэгсэл ямархуу түвшинд байгааг харуулчхав. Майхан ч тогтохооргүй салхитай уулын оройд машиныхаа нөмөрт нүдний хор гаргаж буй гал сөнөөгчдийн зураг цахим орчинд тархсан нь даарин дээр давс нэмсэн хэрэг болов. Уг нь онцгой байдлын байгууллагад бүртгэлтэй гурван нисдэг тэрэг бий аж. Тэдгээрийг Франц улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд оруулж иржээ. Манай улсад нисдэг тэрэг худалдан авах төсөв байхгүй гэх. Сайд, дарга нарын шаардлагагүй олон тансаглалыг танаж чадвал нэг байтугай л нисдэг тэрэг авчхаж дөнгөнө гэж учир мэдэх хүмүүс нь ярьж байна билээ. Дээр дурдсан нисдэг тэргүүдийг аврах, эрэн хайх ажиллагаа болон заавар чиглэл өгөхөд ашигладаг аж. Түүнээс бол ОБЕГ-т гол, нуур, цөөрөм буюу эх үүсвэрээс нь ус цуглуулж, түймэрт асгадаг нисдэг тэрэг байхгүй гэдгийг тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр хэлсэн. Зүүн аймгуудад гарсан түймрийг бүрэн унтрааж амжаагүй байхад баруун хэсгээр ойн түймэр дэгдсэн нь ихээхэн хүндрэлтэй нөхцөл үүсгэснийг тэрбээр онцолсон юм. Энд тэндгүй түймэр дэгдэж, эх орон шатаж байхад дарга нар нисдэг тэрэг хөлөглөн хурал нэрээр зугаацах нь шударга ёс уу.
АВРАХ АНГИГҮЙ СУМЫН ИРГЭД АМЬ, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРЧ БАЙНА
Энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ой, хээрийн түймэр 80 удаа бүртгэгдсэн байна. Мөн шар өвс шатаасны улмаас гал алдсан 192 удаагийн дуудлага бүртэгдэж, 310 га орчим газар шатсаныг ОБЕГ-аас мэдээлэв. Урьдчилсан байдлаар ойн 2791, хээрийн 691.9 га талбай шатжээ. Ой, хээрийн түймрийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40.7, сүүлийн таван жилийн мөн үеийн дунджаас 38 хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд манай улс төдийгүй дэлхий нийтээр гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага эрс нэмэгдэх болсон. Эдгээр “дохио” нь хүн хүчээ бэлдэж, техник хэрэгслээ сайжруулан тулаад ирэх аюулыг туулаад гарахаас өөр сонголт хүн төрөлхтөнд үлдээгүйг сануулж буй хэрэг биз. Тиймдээ ч дэлхийн олон улс онцгой байдлын албаа чадавхжуулахад онцгой анхаарч, ихээхэн мөнгө төсөвлөж буй. Харин манай улс олон хүн амтай сумдад ч аврах анги байгуулж хүчрэхгүй байна. Ядаж гал түймэр унтраах автомашин, түүнийг нь хариуцах эзэнтэй болгочхож болмоор. Ийм анги байхгүйгээс иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амиараа хохирч байна. Гэр байшин нь шатаж, дэлгүүр хоршоо, мал сүрэг нь түймэрт автсан иргэд бишгүй.
Улсын хэмжээнд хэчнээн сумд гал түймэр унтраах, аврах анги бий, эсэхийг онцгой байдлын газраас тодруулсан ч төрийн цэргийн байгууллагын нууцад хамаарах учир мэдээлэл өгөх боломжгүй гэж хариулсан юм. Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага Монгол Улсын төрийн цэргийн байгууллагад хамаардаг. Хэдий ийм боловч 330 сумын ихэнхэд нь гал унтраах, аврах анги байхгүйг хүлээн зөвшөөрсөн. Дээр дурдсанчлан ганцхан Төв аймагт гэхэд л аврах анги байгуулах шаардлагатай олон сум байв. Мөн зүүн аймгуудад ой, хээрийн түймрийн эрсдэл хамгийн өндөр. Тухайлбал, Сүхбаатар аймагт гэхэд энэ оны гарснаас хойш зургаан сумд 10 удаагийн хээрийн түймэр гарчээ. Тус аймаг 13 сумтай бөгөөд Баруун-Урт, Эрдэнэцагаан сумд гал унтраах, аврах анги, Түмэнцогтод аврах бүлэг ажиллаж байна. Гамшиг, ослын давтамж, хүн амын тоотой харьцуулахад аймгийн хэмжээнд ердөө гурван анги, бүлэг ажиллаж байгаа нь хангалтгүй юм. Хэрэгжүүлэхгүй бол хууль баталж сүржигнэх хэрэг юу билээ.