Нэгэн сургуулийн II ангийн сурагч Г-гийн хичээл нь 13.30 цагт ордог. Тэрбээр 17.15 цагт хичээлээ тараад, хотын түгжрэлд цагаа барж, ядарч сульдсаар гэртээ 19.00 цагийн үед харьдаг байна. Ирэнгүүтээ гэрийн даалгавартайгаа зууралдахгүй л бол бүгдийг нь бүрэн гүйцэд хийж ер амждаггүй гэнэ. Монгол хэлний даалгавар гэж хуудас дүүрэн хуулан бичлэг хийгээд, 3-5 дасгал ажил бодож, цээж бичиг, номоо унших, шүлэг цээжлэх гээд нэг өдөрт барахааргүй их даалгавар хийдэг байна. Үүгээр дуусахгүй “Эдүтэн” цахим системээр дамжуулан 200 орчим даалгавар гүйцэтгэх үүрэгтэй.
Өдөржингөө гараа сарвайтал бичиж, толгойгоо дүүртэл тоо бодож ирсэн хүүхдэд дахиад ийм хэмжээний даалгавар хийх тэнхээ тамир, сонирхол байхгүй нь ойлгомжтой. Ямар сайндаа “Би сургуульд сурмааргүй байна” хэмээн аав, ээжийгээ “айлгажээ”.
Өөр нэг сургуулийн V ангийн сурагч С ээжийгээ л байхгүй бол гэрийн даалгавар огт хийхээ больжээ. Гар утсаараа тоглох, элдэв сонирхолтой бичлэг үзэх нь хичээл хийхээс илүү тааламжтай байгаа тул аргагүй биз хэмээн түүний ээж учирласан. Их даалгавар өгөхөөр хүүхэд эхлүүлэхээс ч халширдаг юм билээ гэв. Хичээлээсээ ирээд л хүү нь утсаа “ухаж”, орой унтахын өмнө нь ухаан орсон мэт хамаг цүнх, номоо уудлаад суучихдаг тул арга буюу утсыг нь хурааж авчээ. Даалгавраа хийчхээд гар утсаараа тоглох дүрмийг хүүтэйгээ зөвшилцсөн гэнэ.
АЙДСААР УДИРДУУЛЖ, АЧААЛАЛ ҮҮРСЭН БАГА АНГИЙНХАН
Сургуулийн босго дөнгөж алхсан, зургаан настнуудаар утга учиргүй хуулан бичлэг хийлгэж, хуруу гарыг нь цуцааж, даалгавраа л хийхгүй бол багшдаа загнуулна гэсэн айдсаар удирдаж, залхаан цээрлүүлэх явдал хэрээс хэтэрснийг эцэг, эхчүүд ярьж байна. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагч М-ийн ээж “Охин минь хувийн сургуульд сурдаг. Өдөрт таван цаг хи¬ чээл ордог. Тарж ирээд дэвтэр дүүрэн хуулан бичлэг хийж, зурлага, дүрс, тоо бичсээр байгаад сүүлдээ шантарч, хичээлдээ сонирхолгүй болж байна. Нэгдүгээр ангийн хүүхдэд 10-20 минут суугаад хийчих хөнгөн хэрнээ сонирхолтой даалгавар өгөх нь зүйтэй байх. Даалгавар сонирхлыг нь татахгүй, бүтээлчээр сэтгэх боломж олгохгүй зүгээр л автоматаар хуулж би¬ чүүлж байгаа нь харамсалтай. Үүнийг нь багш нь шалгаад дүн тавьдаг тул хүүхэд дуртай, дүргүй хийдэг. Ингэж айдсаар нь удирдаж, ачаалал үүрүүлдэг байдлаас болж шантрах, сургуульдаа явахаас дургүйцэх боллоо” гэв.
Төрийн болон хувийн өмчийн сургууль ялгаагүй бага ангиас нь гэрийн даалгаврыг “гэсгээл” мэт болгосноос шинэ зүйл сурч мэдэх сонирхолгүй, нурууг нь авсан морь мэт болгож буйг шүүмжлэх хүн цөөнгүй. Хүүхдийн гарыг зүгшрүүлнэ гэж өглөө, оройгүй хуулан бичих даалгавраар “бөмбөгддөг”. Үүнээс болж зарим нэг нь “гар өвдөөд байна” гээд ангидаа уйлж суух. Ингэж “зовоосны” дараа үсгээ үздэг. Тэр үед хүүхдийн сурах сонирхол буурч, дахиж юм бичнэ гэхээс халширдаг байна. “Цагаан толгой” гэж “хадны мангаа” байгаа мэтээр ойлгуулдаг явдлыг хэзээ зогсоох вэ. Уншиж, бичиж сурах гэж нус, нулимстайгаа хутгалдаж, аав, ээж, асран хамгаалагч нар нь тэсвэр тэвчээрээ барж, үгээ хэлж, үйлээ үздэг байдал Монголд л бий байх.
Дэлхий нийтээр, ялангуяа өндөр хөгжилтэй, хүүхдийн эрх, бүтээлч байдлыг эрхэмлэдэг улс орнуудад гэрийн даалгавар маш бага, зарим нь огт өгдөггүй гэнэ. Харин аав, ээж, үе тэнгийнхэндээ туслах, гэрийн ажил хийх, өдрийн тэмдэглэл бичих зэргийг үүрэг, даалгавар болгодог аж. Тухайлбал, Японд бага ангийн сурагчдад маш хөнгөн, унших, эвсэл тэмдэглэл хөтлөх гэх мэт бүтээлч даалгавар өгдөг байна. Финландад гэрийн даалгавар маш бага, зарим сургууль бүр өгдөггүй байх жишээтэй. Харин хичээлийн цагт хүүхэд бүх анхаарлаа сурахад чиглүүлж, багшийн заасныг ойлгож, түү¬ нийгээ туршиж, чөлөөт цагаараа тоглож, бие даан хөгжихөд зориулах ёстой. Мөн Францын зарим сургууль гэрийн даалгавар өгөхийг хуулиар хориглодог гэнэ.
Хорвоо ертөнц өдрөөс өдөрт хувьсан өөрч¬ лөгдөж, хиймэл оюун, цахим технологи хүч түрсэн өнөө үед манай улс боловсролд маш нухацтай хандах цаг иржээ. Өнөөгийн боловсролын систем, сургалтын хөтөлбөр, арга зүй нэг л буруу байгаагийн илрэл нь боловсролын чанар, тэгш, хүртээмжгүй байдлаар хэмжигдэхийн зэрэгцээ нийгэм хоосон цэцэрхэгчдээр дүүрснээс илхэн харагдана. Боловсролын талаар хүн бүр мэддэг мэт боловч шинжлэх ухаан талаасаа их хол байна хэмээн салбарт нь олон жил ажилласан ахмад багш хэлнэ лээ.
“10 МИНУТЫН ДҮРЭМ” МАНАЙД ҮЙЛЧЛЭХ ҮҮ
Манай улсад ерөнхий боловсролын 885 сургуульд 800 мянга гаруй хүүхэд суралцаж байна. 1-3 дугаар ангид долоо, 4-5 дугаар ангид ес, зургаадугаар ангид 12 хичээл үздэг бол долоодугаар ангиас 18 болж эрс нэмэгддэг байна. Дунд ангиас хичээл бүрд өөр өөр багш орж, тэр хэрээр гэрийн даалгавар нэмэгддэг. Гэтэл манай боловсролын салбар урвуу хамааралтай өнөөг хүрэв. Өөрөөр хэлбэл, дунд, ахлах ангиас илүү бага ангийнхны гэрийн даалгавар маш их, агуулга, сэдэв нь насанд тохироогүй байгааг мэргэжилтнүүд шүүмжилдэг. Бага ангийн хүүхдийн сурах бичгийн хавтас, зураг, өнгө будагнаас эхлээд голдог билээ.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс 2023 онд танилцуулсан “3-17 настай хүүхдийн хөгжлийн шалгуур, үзүүлэлт” тайланд дурдсанаар 6-10 настай хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нь аливааг туршиж, харах замаар суралцдаг, анхаарал нь амархан сарнидаг, мэдээллийг цээжилж тогтоодог онцлогтой. Бодитоор харж дүрсэлж сэтгэх байдал давамгайлдаг. Биеийн тамирын хичээлд идэвхтэй, дур сонирхолтой, байдаг тул гэрийн нөхцөлд хэрхэн дэмжих талаар эцэг эх, асран хамгаалагчид зохих хэмжээний ойлголттой байх хэрэгтэйг дурдсан байна. Мөн хүүхдийн булчингийн хөгжлийн үе учир хөл бөмбөг, бассейн, хөнгөн атлетик зэрэг спортоор хичээллүүлж, гарын жижиг бул¬ чингийн хөдөлгөөнийг дэмжихийн тулд лего, зураг эвлүүлэх, зураг зурах, будах, хайчлах, наах зэрэг үйлдэл хийлгэх нь чухал гэнэ. Мөн тогтмол 20.00-21.00 цагийн хооронд унтуулж амраахыг зөвлөсөн байна. Гэвч харамсалтай нь, энэ цагт унтаж, амрах нь бүү хэл, нийслэлчүүдийн амьдрал ид амьдрал өрнөдөг шүү дээ.
Тус хүрээлэнгээс сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах цагийг бага байлгахыг зөвлөж, боловсролын байгууллагуудад хүргүүлж эхэлсэн юм. Дэлхийн улс орнууд “10 минутын дүрэм” хэмээх нийтлэг туршлагыг ерөнхий боловсролын системдээ нэвтрүүлж буй аж. Үүний хү¬ рээнд бага ангийнхан гэрийн даалгаварт 15-20, анги ахих тусам нь 10 минутаар ахиулах зарчмыг баримтлах болжээ. Манай улсад ч мөн үүнийг хэвшүүлэхээр бага анги 20-40 минут, дунд болон ахлах ангийн сурагчид гэрийн даалгаварт 80-90 минут зарцуулахыг зөвлөсөн байна. Хэтийдсэн гэрийн даалгавар хүүхдүүдэд үр өгөөж өгөх биш, хичээл, сургуулиасаа залхах, шинэ зүйл сурч мэдэхээс зайлсхийх, эцэстээ эцэг, эх, багш нартаа худлаа хэлэх зэрэг олон сөрөг нөлөө үзүүлж буйг боловсролын сэтгэл судлаач нар ч хэлдэг.
ДУНД АНГИЙНХНЫГ ДУРААР НЬ ТАВЬЖ, ЗӨНД НЬ ОРХИЖЭЭ
Олон улсад анги дэвших тусам даалгавар хийх хугацаа нэмэгддэг байтал манай зарим сургууль сурагчдыг зөнд нь хаясан тохиолдол цөөнгүй. Багш нар нь ч гэрийн даалгавар өгөхөө больсон, өгсөн ч хийдэг хүүхэд маш цөөн гэнэ. “Даалгавраа хийдэг хүүхэд бараг байхгүй. Өгөөд ч нэмэргүй” хэмээн Сэлэнгэ аймгийн дунд сургуулийн математикийн багш ярив. Харин Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн физик, мэдээллийн технологийн багш Б “Сурагч төвтэй сургалт зохион байгуулах ёстой гэж ярьдаг ч хичээлийн агуулга нь тийм биш, зөрчилддөг. Монгол хүүхдүүдэд гэрийн даалгавар их өгдөг нь сургалтын арга зүй, хөтөлбөртэй холбоотой. Нэг хичээл дээр гэхэд маш олон агуулга үздэг. Түүнийг цагт нь багтааж заах, ойлгуулж, дараа нь бататгахын тулд их л даалгавар өгнө шүү дээ. Гэхдээ би хичээл хоорондын даалгаврыг интеграцилж, мэдээллийн технологийг англи хэлтэй уялдуулж даалгавар өгдөг. Ингэснээр хүүхдэд очих ачаалал буурч, гэрийн даалгавар хийх хугацаа багасдаг” гэв.
“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн эцэг, эхийн хурал монгол аав, ээжүүдийн “сайхан уламжлал” -ыг эвдсэн, нүд орой дээр гарахаар зүйлс ярьсан хэмээн цахимд хэсэг шуугисан. Тодруулбал, хүүхдүүдийг хооронд нь ямар нэгэн байдлаар уралдуулахгүй, хүүхэд бүр онц сурах албагүй, гэрийн даалгавар гэж ганц хуудас цаас өгнө, түүнийг л хийнэ. Өдөр бүр ном үүрч явах шаардлагагүй, цүнхэнд зөвхөн дэвтэр, үзэг, харандаа л байна гэх мэт хүүхдэд ээлтэй олон шийдэл ярьжээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургууль ингэж ажилладаг бол гайхалтай. Харамсалтай нь, улсын, хувийн, хотын төвийн, захын, аймгийн, сумын сургуулиуд боловсролыг ялгаатай байдлаар тү¬ гээж, тэгш бус байдлыг гааруулсаар байгаа нь нууц биш. Боловсролын салбарт ижил стандарт үйлчлэхээ болиод удаж байна. Хүүхдүүдийг хөгжүүлэхээс илүү, залхаадаг гэрийн даалгаврын бүтцийг өөрчлөхөөс эхлээд сургалтын хөтөлбөрийг орчин цагт нийцүүлэн шинэчлэхгүй бол бид хорвоогоос хол “гээгдэж” мэдэх нь.