Манай улс 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар болгон тэмдэглэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалахад анхаардаг билээ. Өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 52оор нэмэгдсэн бөгөөд Мэргэжлийн өвчин, судлалын эмнэлгийн хяналтад 2046 иргэн байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 746 тохиолдол бүртгэгдсэнээс 73 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл, нас баралтын түвшин 100 мянган ажилтанд 9.7 байгаа нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг салбарын яамныхан хэлэв. Энэ нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатайг харуулж, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатайг илтгэж буй юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх “2019 оны судалгаагаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас жилд Засгийн газраас 123 тэрбум төгрөгийн шууд ба шууд бас зардал гаргаж байна. Ийм осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний орлого буурч, насан туршид нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Үйлдвэрлэлийн ослыг бууруулснаар эдийн засгийн алдагдлаас сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой” гэв. Түүнчлэн 30-40 насны залуус гэнэтийн шалтгааны улмаас нас барах нь нэмэгдсэн нь ажлын ачаалал, стрессээс үүдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Иймд ажлын байранд нийгэм, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөх эрхийг нь бүрэн хангахыг ажил олгогч нарт уриалсан юм.
Ч.Цэлмэг