-Жирэмсэн эмэгтэйчүүдийн иодын хэрэглээ зохих түвшнээс 2-3 дахин бага-
Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хүнсний хэрэглээгээр төлөөлүүлэн тухайн улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлдэг билээ. Учир нь бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд өртөж болзошгүй эрсдэлт бүлэгт хамаардаг юм. Манай улсын хүн ам “далд өлсгөлөн” буюу шим тэжээлийн дутагдалд өртөж ирснийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)- өөс таван жилд нэг удаа гаргадаг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгаанд байнга дурддаг. Тэгвэл хамгийн сүүлд буюу 2024 онд танилцуулсан VI судалгаанд хүн амын дунд иоджуулсан давсны хэрэглээ эрс багассан, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд эл эрдэс ихээхэн дутагдалтай гарчээ. Үүнээс шалтгаалах өвчин, эмгэг нэмэгдэх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд сануулах болов.
ИОДЖУУЛСАН ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭ 50 ХУВИАР БУУРЧЭЭ
Иод бол бодисын солилцоо, өсөлт, хөгжлийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг элемент юм. Жирэмсэн эмэгтэйн бие махбодод иод хангалттай хэмжээгээр байх нь ургийн өсөлт, тархины хөгжилд чухал үүрэгтэй. Биед шимэгдсэн иодын ихэнх нь шээсээр ялгардаг тул үүнд агуулагдах иодын хэмжээг тодорхойлж, дараах дүгнэлтэд хүрчээ. Бие давхар эмэгтэйн шээсээр ялгарсан иод 76.4 мкг/л байгаа нь лавлагаа хэмжээ буюу 150-249 мкг/лээс хэт доогуур, хангалтгүй түвшинд гарсан байна. Өөрөөр хэлбэл, зохих хэмжээнээс 2-3 дахин бага байгаа нь аюулын харанга дэлдлээ. Эл шинжилгээнд VI судалгаанд оролцсон жирэмсэн эмэгтэйчүүдийн 98.7 хувь нь хамрагдсан байна.
Иодын дутагдал нь бие бялдар, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамжийг 10-15 хувиар бууруулдаг болохыг олон улсын судалгаа, шинжилгээний дүн нотолдог. Иймд НҮБ, ДЭМБ-аас 2000 онд дэлхий нийтээр иод дутагдлын эмгэгээс ангижрах зорилт дэвшүүлсэн билээ. Манай улс ч ялгаагүй “Иод дутагдлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг гурван удаа амжилттай хэрэгжүүлж, 2003 онд Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хууль баталж байв. Энэ мэт олон арга хэмжээ авсны үр дүнд хүн амын дунд иодын хэрэглээ нэмэгдэж, үүнээс шалтгаалах өвчин, эмгэг буурсан гэж үздэг. 2019 онд дээрх хуулийг хүчингүй болгосон бөгөөд үндсэндээ монголчууд хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэж заншсан гэж итгэж байв. Харамсалтай нь, иодын хэрэглээ жилээс жилд буурч байгааг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгаагаар нотлох боллоо. Тухайлбал, иоджуулсан давсны хэрэглээ 2010 оны IV судалгаагаар хүн амын 89.1, 2017 оны V судалгаагаар 81.7 хувьтай гарсан бол 2023 оны сүүлийн судалгаагаар энэ үзүүлэлт 57.6 хувьд хүрч буурчээ. Засгийн газраас иод дутагдлаас сэргийлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн үеэс буюу 2010 он хүртэл иоджуулсан давс хэрэглэдэг өрхийн тоо тасралтгүй өссөн бол 2017 оноос эл үзүүлэлт буурсаар, цаашид ч улам багасах, үүнээс шалтгаалах эмгэгийн тархалт ихсэх гэнэ.
Нийслэлд иоджуулсан давс хэрэглэдэг өрхийн тоо багассан нь иоджуулаагүй давсны нэр, төрөл олширч, сонголт арвин болсонтой холбоотой аж. Энэ нь эргээд иодын дутагдлаас үүсдэг оюун ухаан, танин мэдэхүйн хөгжил удаашрах, бие давжаарах, бодисын солилцооны өвчин буюу бамбай булчирхайн дааврын өөрч лөлтөд оруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг юм байна. Тодруулбал, иод дутлаас хамааралтай бамбай булчирхайн өвчлөл гурван хүн тутмын хоёрт нь, тэр дундаа 40-49 насанд хамгийн их буюу 65.2 хувьтай байгааг VI судалгаанд дурджээ. Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 42 хувь нь иоджуулсан давс огт хэрэглэхгүй байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн санааг чилээх болжээ. Цаашлаад үндэсний хэмжээнд анхаарч, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэлийг нэмэх шаардлагатайг тайланд онцолсон байна.
ШАЛТГААНЫГ ТОГТООСОН Ч АРГА ХЭМЖЭЭ АВСАНГҮЙ
“Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрнө” хэмээн эмч нар улиг болтлоо ярьдаг. Гэтэл жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иодоос гадна төмөр, Д амин дэм болон бусад бичил тэжээлийн дутагдал анхаарах хэмжээнд хүрчихлээ. Үүнд нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагынхан анхаарч, шаардлагатай зөвлөгөө, тусламж үзүүлж чаддаггүй. Иод дутагдлыг илрүүлэх шинжилгээг өрх, сумын эмнэлэгт авдаггүй бөгөөд энэ талаар ч онцлон сануулж, хэрэглэхийг зөвлөдөггүй. Үүний уршгаар ургийн төрөлхийн гаж хөгжил, оюун ухааны хомсдол үүсэх, эрүүл мэнд, эдийн засагт нөхөж баршгүй хохирол учрах аюул ойрхон байгааг эмч нар сануулсан юм. Мэдээж аливаа амин дэм, эрдэс бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь хор уршигтай. Үүний адил иод ч хүний биед маш бага хэмжээгээр шаардлагатай эрдэс. Энэ талаар профессор А.Мөнхөө “Давсыг иоджуулж хэрэглэнэ гэдэг нь ДЭМБ-аас зөвлөж буй хамгийн үр дүнтэй арга. Иодыг анагаахын шинжлэх ухаанд “ухааны элемент” гэж нэрлэдэг. Бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвийн байлгахад чухал нөлөөтэй. Бодисын солилцоо алдагдсанаас зүрх дэлсэх, бачимдах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Иод нь амархан ууршдаг элемент учир давсыг тагтай саванд хадгалахаас гадна хоолоо гаргахын өмнө хийх хэрэгтэй. Иодыг удаан буцалгахад ууршдаг юм. Хүний биед маш сайн шингэдэг элемент тул иоджуулсан давсыг зөв хэрэглэвэл дутагдалд орохгүй. Монголчууд далайн гаралтай хүнсний хэрэглээ багатай учир илүүдэх тохиолдол төдийлөн гардаггүй. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэвэл бамбай булчирхайд сөргөөр нөлөөлдөг” гэв.
Загас, замаг зэрэг далайн гаралтай хүнсэнд иод маш баялаг, үр тариа, өндгөнд өчүүхэн бага хэмжээгээр агуулагддаг юм байна. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд иоджуулсан давс, иод дутлын талаарх мэдлэг хангалтгүй байгаагаас иоджуулсан давсны хэрэглээ багассан хэмээн мэргэжилтнүүд ярив. Өрхийн бараг 50 хувь нь энэ төрлийн давснаас татгалзаж буйгаас илэрхий харагдана. Тэгвэл өөр төрлийн хүнсийг иодоор баяжуулж хэрэглэх боломжтой юу. Сүү лийн үед манайд өндгийг иоджуулж, хүнсэнд хэрэглэж буй ч нийлүүлэлт хангалттай биш байна. Дэлхийн ихэнх орон давсыг иоджуулж хэрэглэдэг бөгөөд энэ нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга болохыг хүлээн зөвшөөрсөн. Өртөг багатайн дээр хүн өдөр бүр давс хэрэглэдэг тул иодыг тодорхой хэмжээгээр авах боломж бүрддэг. Мөн Австрали, Шинэ-Зеландад талх, гурилан бүтээгдэхүүн, Европын орнуудад сүү, сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн нэмэлтийг хүртэл иоджуулж хэрэглэдэг аж.
Харин манай улсын хүн амын дунд, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд иод ихээхэн хэмжээгээр дутагдаж буйг хоёр жилийн өмнө мэргэжилтнүүд судалж тогтоочхоод байхад төр засаг тоосон шинжгүй, гар хумхин суусаар. Үл хайхарч болох далд аюул хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах хэмжээнд хүрснийг дахин сануулахад илүүдэхгүй.
Д.ОЮУНДЭЛГЭР: Иод дутагдсанаар жирэмсэн эмэгтэй үр зулбах, дутуу төрөх эрсдэлтэй
НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүн амын дунд иодын хэрэглээ буурсан гэсэн үр дүн гарсан. Тухайлбал, жирэмсэн эмэгтэйчүүдэд иод дутагдсанаар урагт ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Хүн амын дунд иод дутагдалд өртөх эрсдэл ихэссэн байгааг 2023-2024 онд хийсэн “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаагаар тогтоосон. Тухайлбал, 1-5 дугаар ангийн 6-11 настай хүүхдүүдийн шээсэнд иодын голч хэмжээ 93.6 мкг/л байгаа (ДЭМБ-ын лавлагаа хязгаар иод ≥ 100 мкг/л) нь 2017 оны V судалгааны дүнгээс (144.6 мкг/л) буурсан үзүү лэлт юм. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд шээсээр ялгарах иодын хэмжээ 76.4 мкг/л байгаа нь иодын дутагдалд өртөх эрсдэл өндөр байгааг харуулж байна. Иод нь хүний бие махбодын бодисын солилцоог зохицуулах, ураг, нялх хүүхдийн хэвийн өсөлт, тархины хөгжилд чухал үүрэгтэй бамбай булчирхайн дааврын нийлэгжилтэд нэн шаардлагатай эрдэс. Иод дутлын улмаас хүний бие махбодын өсөлт, хөгжилд олон тооны саатал үүсдэг бөгөөд тэдгээрийг бү хэлд нь нэгтгэн иод дутагдлын эмгэг гэж нэрлэдэг. Жирэмсэн эмэгтэй энэ эмгэгт өртвөл үр зулбах, дутуу төрөх зэрэг эрсдэл ихэсдэг бөгөөд ургийн өсөлт хоцрогдож, уураг, тархи гэмтдэг. Мөн цаашдаа хүүхдийн суралцах чадвар, сэтгэн бодох, оюун ухааны чадамж нь буурдаг.
-Судалгааны тайланд дурдсан зөвлөмжийн дагуу улсаас ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иодоос гадна төмөр дутагдлаас үүдэлтэй цус багадалт, Д амин дэмийн дутагдал өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Иймд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах болон хүн амын дунд иодоор баялаг хүнсний хангамж, хэрэглээг нэмэх шаардлагатай байна. Тухайлбал, давсыг иоджуулж хэрэглэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэргээр олон асуудлыг тайлангийн зөвлөмжид тусгасан. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах төслийн хүрээнд Монгол Улсын жирэмсэн эмэгтэйчүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг үнэ төлбөргүй, тасралтгүй олгох ажлыг 2027 он хүртэл хэрэгжүүлэх юм. Энэхүү бэлдмэл нь 10 амин дэм, таван эрдэс, бодис агуулсан. Хоногт авах хэрэгцээт хэмжээгээр иод агуулсан бэлдмэл юм. Сум, өрхийн эрүүл мэндийн төв болон жирэмсний зөвлөгөө өгөх кабинетийн эмч, сувилагч, эх баригч нараас авч, зөвлөсний дагуу зургаан сарын турш өдөрт нэг ширхгээр ууж хэрэглэнэ.