Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн саарал ус хуримтлуулах талбайн далан энэ сарын 8-нд задарч, осол гарсныг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штабын даргаар ахлуулсан Онцгой комиссын гишүүд, Онцгой байдал, Мал эмнэлэг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын болон Байгаль орчны газар, тохижилт үйлчилгээ, ус, цаг уурын байгууллагын 100 гаруй албан хаагч, 12 техник, хэрэгсэлтэйгээр газар дээр нь шуурхай ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүд авсан байна. Эхний ээлжид далангийн эвдрэлийг засварлан, усыг тогтоосон бөгөөд бохир урссан айл өрхийн хашаа, хөрс, ариун цэврийн байгууламжуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Цаашид даланг хүчитгэх, олон жилийн турш хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэх зураг, төсөл боловсруулахаар болсон гэв. Мөн бохир усанд автсан айл өрхүүдэд шинэ гэр олгох ажлыг шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ.
О.Ундрах