Монголын байт харвааны спортод Б.Оюун-Эрдэнэ хэмээх нэр тодоос тод дуулдах болж, авьяас, ур чадвараараа цахиур хагалан, үеийнхээ залуусаас хүч түрэн гарч ирэв. Үндэсний шигшээ баг, “Олимпик котинос” клубээр овоглодог түүнийг амжилт гаргахад бэлтгэл сургуулилалтаас гадна есөн жил уйгагүй хөдөлмөрлөсөн зорилго тэмүүлэл нь нөлөөлсөн юм. Спорт өндөр хөгжсөн өнөө үед олон өрсөлдөгчөөс арга барил, техникээрээ ялгарна гэдэг амаргүй. Хэн илүү хөдөлмөрлөсөн нь тэмцээний талбараас харагддаг тул тэрбээр алдаа, дутагдалдаа дүгнэлт хийн, ур чадвараа хөгжүүлж болох бүх боломжийг өөрөөсөө хайв. Ямар ч тэмцээнд оролцоход бие, сэтгэл зүйн байдал нөлөөлдөг тул тэрбээр өөртэйгөө түлхүү ажиллаж, бэлтгэлээ чамбайруулсан нь үр дүнд хүрсэн байна. Үүнийгээ ч олон улсын тэмцээнд оролцохдоо харуулж, шагнал тавцанд зогссон. Тайландын Бангкок хотод өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан байт харвааны дэлхийн чансаа тогтоох ”Asia cup world ranking tournament-2026”, Азийн цомын “Stage I” тэмцээнд 18 орны 150 гаруй харваачтай өрсөлдсөн юм. Азийн цомын цуврал эхний тэмцээний холимог багийн төрөлд олон улсын хэмжээний мастер (OУХМ) Б.Отгонболдтой хамт цэц сорихдоо Тайвань, Хонконг, Малайз, Сингапур, Энэтхэгийн багийг хожиж, тэргүүн байрт шалгарсан. Түүнчлэн дэлхийн чансааны оноо олгох тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэн найман жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлж, эх орондоо хошой алтан медальтай ирэв. Бангкокоос ирснийхээ дараа Японы Аичи муж, Нагоя хотод есдүгээр сард болох Азийн зуны спортын XX наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй түүнтэй ярилцлаа.
-Та Сингапурт өнгөрсөн жил болсон Азийн цомын II цуврал тэмцээнд оролцохдоо медальгүй ирж байсан бол энэ удаа Тайланд улсад зохион байгуулахад түрүүлж, алтан медаль хүртлээ. Бангкок хотод хөл тавьсан эхний өдрөөс түрүүлэх итгэл төрөв үү?
-Миний хувьд Азийн цомын цувралд тэмцээнд хоёр дахь удаагаа өрсөлдлөө. Сингапурт өнгөрсөн жил II цувралд оролцохдоо медаль хүртээгүй ч хувийн амжилтаа ахиулж, туршлага хуримтлуулаад ирсэн. Тэгвэл энэ удаа Тайландын Бангкок хотод болоход түрүүлж, зорилгоо биелүүлсэндээ сэтгэл өндөр байна. Би тус хотод анх удаа хөл тавьсан. Монголын хүйтнээс дулаан уур амьсгалтай оронд очсон болохоор орчин нөхцөл, цаг агаар, ус, хоол унданд нь дасах нэг хэсэгтээ л хэцүү байв. Онгоцноос буугаад л +35 хэмийн халууныг мэдрэх их сонин санагддаг юм билээ. Тэнд бэлтгэл хийж, тэмцээнд оролцохдоо эх орондоо байдгаас илүү эрч хүч, энерги зарцуулсан. Тамирчин хүний гол зорилго тэмцээн тул бусад зүйлээс илүү амжилт гаргахдаа анхаарал хандуулсан. Байт харвааны тамирчид тэмцээний үед өөрийнхөө дасгалжуулагч, сэтгэл зүйч, өрсөлдөгч болдог. Өнгөрсөн жил болсон тэмцээнд сандарч, шигшээ багийнхнаас зөвлөгөө аваад талбайд гарсан бол энэ удаа сэтгэл тайван оролцож, амжилт гаргалаа.
-Азийн орнуудаас Энэтхэг, Малайз, БНХАУ-ын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож харагдсан. Холимог багийн төрөлд та ОУХМ Б.Отгонболдтой хамт цэц сорьж, дээрх улсын багийг хожлоо.
-Энэ удаагийн цуврал 2026 онд зохион байгуулахаар төлөвлөсөн томоохон тэмцээнүүдийн нэг юм билээ. Японы тамирчидтай холимог багийн төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртсэн. Тэднээс онооны хол зөрүүгүй харвасан болохоор хамт оролцсон тамирчинтайгаа байнга зөвлөлдөж, алдаа гаргахгүйг хичээсэн. Хувийн харваанд БНХАУ, Малайзын багтай өрсөлдөхдөө өөртөө бүрэн итгэж харвасан минь хэрэг болсон шүү. Холимог багийн төрөлд хамгийн өндөр оноотой эрэгтэй, эмэгтэй харваач нэг баг болж оролцдог юм. Б.Отгонболд ах бол миний үлгэр дуурайл авдаг тамирчин. Талбайд гарахдаа түүнд маш их итгэж, өндөр сэтгэл зүйтэй харвасан. Үүнээс өмнө бид Японд 2024 онд болсон олон улсын нээлттэй тэмцээнд өрсөлдсөн юм. Түүнтэй бэлтгэл хамт хийлгүй харвасан болохоор гар нийлэхгүй нэлээд сандарч, өрсөлдөгч багийнханд хожигдож байлаа. Тухайн үед миний ур чадвар одоогийн түвшнөөс доогуур байсан. Тиймээс “Би шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хараахан хүрэх болоогүй байна” гэж дүгнэн, өнгөрсөн жилээс бэлтгэлээ шаргуу хийсэн. Өвлийн сургуулилалтыг хүчний болон харвалтын бэлтгэлтэй хослуулж базаасны ачаар Азийн цомын болон, Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд тэргүүллээ. Хоёр дахь удаагийн тэмцээнд баг болж оролцохдоо бэлтгэл хамт хийж, туршлага хуримтлуулсан тул амжилт гаргасан.
-Тайландад очоод тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө бэлтгэл хийх танд ямар санагдав?
-Бид тэмцээнд оролцохоосоо өмнө Монголд 50 метрийн зайд харвадаг байлаа. Харвааны бай өөрчлөгдөхөөр тамирчдын харвах техникт ч өөрчлөлт гардаг. Бангкокт очоод тэмцээн эхлэхийн өмнө бэлтгэл хийсэн нь үр дүнгээ өгч, түрүүлэхэд давуу тал болсон. Монголын байт харваачид 2018 онд тус тэмцээнээс багаараа мөнгө, Б.Отгонболд ах ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн юм билээ. Бид найман жил тасарсан шагналын буухиаг үргэлжлүүлж, эх орондоо хошой алтан медаль авчирлаа.
-Дэлхийн чансааны оноо олгох тэмцээний финалд шалгарах үед танд хамгийн түрүүнд ямар бодол төрсөн бэ?
-Тэр үед бүх үүрэг хариуцлага над дээр ирсэн. Алтан медалийн төлөө харвахдаа улсынхаа нэрийг өндөрт гаргах ёстой гэсэн тамирчин хүний хариуцлагыг биелүүлсэн гэж боддог. Тэр хэрээр хичээл зүтгэл гаргасныхаа үр дүнг харлаа. 2026 он надад амжилт авчирсан өөдрөг жил болж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон насанд хүрэгчдийн байт харвааны заалны УАШТ-д хүрэл медаль хүртсэнийхээ дараа Тайландыг зорьж, Азийн цомын эхний цувралд түрүүлэн олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүсэндээ маш их бэлэгшээсэн.
-Азийн тамирчид байт харвааны төрөлд Европынхноос илүү өндөр амжилт гаргадаг. Та ч гэсэн үүнийг тэмцээний үед анзаардаг биз?
-Тийм ээ. Азийн орнуудаас томоохон тэмцээний голлох оноог нь БНСУ, Япон, БНХАУ, Малайз, Энэтхэгийн тамирчид авдаг. Азийн зуны спортын XX наадам Японы Аичи муж, Нагоя хотод есдүгээр сард эхэлнэ. Миний хувьд улсаа төлөөлж оролцох хоёр том тэмцээний нэг. Тус наадмаас медаль хүртэхээр зорьж байгаа тул бүхнийг эртнээс сайтар тооцоож, төлөвлөх нь зүйтэй. Тиймээс Азийн цомын цувралд гаргасан амжилтаа бууруулахгүй цэц сорино. “Ханжоу-2022” Азийн наадамд аваргаар шалгарсан Б.Отгонболд ахаас зөвлөгөө авч, бэлтгэлээ чамбайруулахаар хичээж байгаа. Хүн бүрийн харвах онцлог, арга барил, техник өөр. Тайландад болсон тэмцээний финалд өрсөлдсөн мэдрэмжээ хадгалж, бэлтгэл хийх бүрдээ давтаж, өөртөө хэвшүүлнэ.
-Танд байт харваагаар хичээллэхийг хэн анх санал болгов?
-10 настайдаа нум анх барихдаа энэ спортын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Ээж 2008 онд Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав гуайг Бээжинд болсон паралимпийн наадамд түрүүлж, аварга болсон баярт мэдээг сонсоод намайг байт харваагаар хичээллүүлэхээр шийдсэн гэдэг. Би Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа 2017 онд байт харвааны дасгалжуулагч Б.Оюунчимэг багштай танилцсандаа баярладаг юм. Тэрбээр манай сургуулийн сурагчидтай уулзалт хийхдээ энэ спортын онцлог, хэрхэн хичээллэж, амжилт гаргаж болох талаар өгүүлэхдээ “Сонирхож хичээллэх хүүхдүүд байвал бүртгүүлээрэй” гэж санал тавьсан юм. Тэр өдрөөс би энэ спорттой нөхөрлөж, аймгийнхаа тэмцээнд найман жил тасралтгүй оролцсон. Өнгөрсөн жилээс “Олимпик котинос” клубийн тамирчин болж, дотоод, гадаадын тэмцээнүүдэд оролцож байна.
-Тамирчин бүрд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах боломж тэр бүр тохиодоггүй. Та сонгон шалгаруулалтад тэнцэж, босгоор нь алхсан юм билээ.
-2024 онд оюутан болж, “Отгонтэнгэр” их сургуулийн олон улсын харилцааны ангид сурахаар Улаанбаатарт ирсэн. Хичээл эхлээд дөнгөж хоёр хонож байтал сонгон шалгаруулалт болж, би ч тэнцэв. Тэгтэл долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл базаах болж хичээл, эсвэл спортын аль нэгийг нь сонгох амаргүй асуудалтай тулгарсан. Боловсрол хэрэгтэй ч олон жил хичээллэсэн дуртай спортоосоо холдоно гэхээр хэцүү санагдаж байлаа. “Отгонтэнгэр” бол миний олон жил бодож, мөрөөдсөн сургууль байсан юм. Тэр үед аав, ээжийн зөвлөгөө хэрэг болсон доо. Манайхан “Чи одоо залуу байна. Сурахад хэзээ ч оройтохгүй. Харин спортод залуу насандаа амжилт гаргана” гэж хэлсэн. Дасгалжуулагч Б.Оюунчимэг багш “Чи амжилт гаргамаар байвал эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. Хичээвэл хэдэн насандаа ч боловсрол эзэмшиж болно” гэж зөвлөсөн юм. Тиймээс сургуулиасаа жилийн чөлөө авч, бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Миний хувьд АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах олимпын наадам хүртэл сургуулиасаа чөлөө авч, эрх олгох тэмцээнүүдэд оролцохоор болсон. Ирэх жилээс байт харвааны олимпын эрх олгох тэмцээн эхэлнэ. Олимпын наадам болтол дөрвөн том тэмцээнтэй тул амжилттай оролцож, эрх авахаар зорьж байгаа.
-Өглөөнөөс орой болтол өдөр бүр амрах завгүй бэлтгэл хийхэд шантарсан удаа байсан л биз?
-Байт харваанаас бүр мөсөн холдъё гэж бодоогүй ч “Амжилт ер гаргахгүй нь. Ингэсгээд больё” гэж шантарсан удаа бий. Шигшээ багийнхан олон улс, олимп, тив, дэлхийн тэмээнд улсаа төлөөлж оролцдог болохоор хариуцлага өндөртэй. Багш бидэнд “Тамирчин хүн бэлтгэл хийх цаг хугацааг маш үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Нэг удаа сургуулилалт хийлгүй хариуцлага алдахад маш том алдаа гаргана. Тэр алдааг засахын тулд цаг хугацаа их зарцуулдаг юм шүү” гэж зөвлөдөг байлаа. Тамирчин хүн хилийн дээс алхаад л улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй байдгийг олон улсын тэмцээнд оролцохдоо ойлгосон доо. Шигшээ багт хөл тавиад бэлтгэл хийхээр ирсэн анхны өдрөө догдолж байснаа мартдаггүй. Өмнө нь өсвөр үеийнхний тэмцээнд оролцохдоо шилдгүүдийг харж үлгэр дуурайл авдаг байсан бол тэдэнтэй мөр зэрэгцээд харвана гэхээс баярлах, гайхах, эмээх зэрэгцэж билээ. Тухайн үед надад “Би ингээд гадаадын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох тамирчин боллоо гэж үү” гэсэн бодол их төрсөн дөө. Тэр өдрөөс дасгалжуулагч багш нар бидэнд шигшээ багийн тамирчин ямар байх ёстой, тэмцээний үед үүрэг хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, олны дунд биеэ хэр соёлтой авч явах талаар байнга зөвлөж ирсэн дээ.
-Байт харвааны тамирчидтай ярилцаж байхдаа “Хүнд нум бариад харвах эхэндээ хэцүү л санагддаг юм. Тэгсхийгээд нэг удалгүй дасдаг даа” гэхийг нь цөөнгүй сонссон доо.
-Гарын чигчий хурууны хөдөлгөөн хүртэл сумны тусгалд том нөлөө үзүүлдэг. Тиймээс булчингийнхаа чангарлыг хүртэл мэдэрч харвах ёстой. Хүүхэд байхдаа тэр бүхнийг сайн мэдэхгүй шантарсан удаа олон. Тэмцээнд оролцоод хожигдохоороо “Би түүнийг хэзээ ч ялахгүй юм байна, больё” гээд бодож эхэлдэг байлаа. Тийм үед ээж тайвшруулж “Миний охин хичээхэд л болно. Бид чамайг бүх талаар дэмжиж байгаа. Тамирчин хүний үүрэг хариуцлага хойшдоо өндөр болно. Тиймээс догдлол, сандралаа дарж яваарай” гэж хурцалж зоригжуулдаг сан. Гэрийнхэн минь маш сайн дэмжсэн учраас олон жил тууштай хичээллэж, амжилт гаргалаа. Байт харваа өртөг ихтэй спорт. Техник хэрэгсэл нь өндөр үнэтэй. Мэргэжлийн тамирчны хэрэглэдэг нум, сум 15-20 сая төгрөгийн үнэтэй. Нум, сумны үйлдвэр АНУ, БНСУ-д байдаг. Миний хувьд чанар, загвар, хэлбэрийг нь харж хамгийн сайныг нь хэрэглэхийг боддог. Чанартай нумаар бол хэдэн жилдээ харвана. Харин харвах бүрдээ техникийн алдаа гаргавал гаждаг. Тиймээс бэлтгэл хийхдээ хүртэл хариуцлагатай байх ёстой.
-Тамирчид анхны медальдаа хайртай байдаг. Харах бүрдээ урам авч, амжилт гаргахаар тэмүүлдэг байх.
-Байт харвааны тамирчид тэмцээнд оролцохдоо бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг юм. Бага насныхны УАШТ-д 2018 онд анх оролцохдоо хүрэл медаль хүртэж, 20 мянган төгрөгөөр шагнуулж билээ. Медалиа туузанд залж, шагналынхаа мөнгөөр гэрийнхэндээ дуртай амттаныг нь авч өгч байснаа мартдаггүй. Олон сар уйгагүй бэлтгэл хийсний үр дүнд ирсэн шагнал болохоор хүрэл медальдаа одоо ч хайртай. Түүнээс хойш шагналын буухиа тасралгүй үргэлжилсээр өнөөгийн амжилтад хүргэсэн байна. Намайг хүрэл медаль зүүгээд ирэхэд манайхан баярлаж “Тамирчин хүний анхны шагнал хүрэл медаль байвал сайн” гэж урам хайрласан нь сэтгэлд тод үлджээ. Миний хувьд холимог багийн болон хувийн төрөлд амжилт түлхүү гаргадаг. Энэ ташрамд, байт харваагаар хичээллэдэг дүү нартаа “Сонирхсон спортдоо чин сэтгэлээсээ дурлаж хичээллээрэй. Хөдөлмөрлөсөн он жилүүд чинь чиний тууштай байсныг чинь үнэлж, амжилтаар шагнах болно шүү. Хамгийн гол нь хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилгоо зөв тавиарай” гэж хэлье.