Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн байгаль орчны болон Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Нарны хороолол” орчимд төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК-ийнхан барилгын талбайгаасаа ялгарсан, техникийн бохирдолтой, тос маслотой усыг Дунд гол руу зайлуулж байсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоосон байна.
Мөн тус компани нь ус ашиглах дүгнэлт, шавхан зайлуулах зөвшөөрөл аваагүй, холбогдох гэрээ байгуулаагүй нь тогтоогджээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авсан аж. Уг асуудалтай холбоотой хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн, эсэхийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна гэв.

П.Дайриймаа