Ойн хачиг нь тавдугаар сарын сүүлчээс идэвхжиж, 6-7 дугаар сард өвчлөл хамгийн дээд цэгтээ хүрдгийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв. Манай улсад хачгаар дамждаг гурван төрлийн халдвар эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгддэг байна. Тодруулбал, халдвартай малын хачигт хазуулбал риккетсиоз, ойн хачгаас боррелиоз гэх нянгаар үүсгэгддэг халдвар дамждаг аж. Мөн хачигт энцефалит гэх вирусээр үүсгэгддэг өвчин бий гэнэ. Эдгээр халдвараар бүх насныхан өвчлөх боломжтой бөгөөд хачигт боррелиозын халдвар авсан хүмүүсийн 7.6 хувь нь малчид байна.
Хачигт энцефалитын тухайд нийт өвчлөгсдийн 73.6 хувийг 20-54 насныхан эзэлдэг бол үүний 67.9 хувь эрэгтэйчүүд, 9.8 хувь нь малчид гэнэ. Өв чилсөн нийт хүний хоёр хувь нь нас бардаг байна. Хачигт халдварын голомт Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумын ойн бүсэд бий. Эдгээр газарт мал хариулах, самар, жимс, халиар, эмийн ургамал түүх үедээ иргэд хачигт хазуулж, халдварт өртдөгийг мэргэжилтнүүд анхааруулав. Голдуу хэвлий, суга, цавь, нурууны зөөлөн арьстай хэсэгт хачиг хазаж, шигдэж, шарх үүсгэж үрэвсүүлдэг байна. Хачигт боррелиозын халдварын үед гурваас дээш хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг гэнэ. Цочмог үед нь эмчлэхгүй бол архагшиж, үе мөч өвдөж, саа саажилт, тэнэгрэлд хүргэх аюултай аж.
Харин хачигт энцефалитын тухайд хазуулснаас хойш нэг хоногийн дараагаас өндөр халуурч, толгой маш хүчтэй өвдөж, бөөлжиж, цочромтгой болж, нүдэнд хий юм харагдаж, дэмийрнэ, эсвэл унтаарах, унаж татах зэрэг аюултай шинж илэрдэг байна. Иймд хачигт хазуулахаас сэргийлэхийн тулд ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах, биед шигдсэн хачгийг эмнэлгийн орчинд зөв авхуулах, ямаа, үхрийн түүхий сүү, мах, цус хэрэглэхгүй байхыг эмч нар сануулав. Мөн хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон, эсэхийг өдөр тутамд шалгах, хазуулсан бол эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөлөө.
Ч.Болор