Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд буй билээ. Хуулийн төслийн гол агуулга нь хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал, эрхийг цогцоор нь хангах, нийгмийн сүлжээ ашиглахтай холбоотой харилцааг илүү тодорхой зохицуулахад чиглэж байгаа аж. Тэгвэл уг ажлын хүрээнд хүүхдийг цахим дарамт, дээрэлхэлт, заналхийлэл, хувийн мэдээллийн зүй бус ашиглалт, сөрөг контентын нөлөөлөл зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах аргуудыг тусгасан, хүүхэд хамгааллын “Аюулгүйн сүлжээ” үндэсний загвар боловсруулж, Боловсролын сайд Л.Энх-Амгаланд танилцуулсан байна.
Уг санаачилга нь үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтыг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон боловсролын сургалтын байгууллага, олон нийтийн түвшинд өөрчлөх, идэвх оролцоог хангах замаар уг үзэгдлийг таслан зогсооход чухал үүрэгтэй тул энэхүү арга хэмжээг дэмжин, хэрэгжүүлэхээр болсныг Боловсролын яамнаас мэдээллээ. Тодруулбал, үе тэнгийн дээрэлхэлтийг зөвхөн боловсролын байгууллагын хүрээнд бус, нийгмийн хариуцлага хэмээн авч үзэж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хүчээр таслан зогсооно гэсэн юм.
М.Гэгээ