Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн эрчим хүчний 50 884 хэрэглэгчийг Өмнөд, Умард, Дорнод-2 болон Туул дэд станцуудаас цахилгаанаар хангадаг ч сүүлийн таван жилийн хугацаанд тэдгээрийн ачаалал 70-100 хувьд хүрч, хүчин чадлын дээд хязгаарт тулсан нь шинэ хэрэглэгч холбох, системийн аюулгүй ажиллагааг хангахад түвэгтэй байгаа аж. Иймд Монгол Улс, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд сүүлийн үеийн дэвшилт технологи болох GIS (Gas-Insulated Switchgear) хаалттай хуваарилах байгууламжтай кабель шугамын оруулга бүхий 110 кВ-ийн дэд станцыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн талбайд барьж байгуулах аж.
Эрчим хүчний яамны харьяанд 2026-2028 онд хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх тус төслийн хүрээнд шинээр 110/10 кВ-ын 2x63 МВА чадалтай хаалттай дэд станц, 110 кВ-ын дөрвөн км урттай хос цахилгаан дамжуулах шугам барьж, одоо байгаа 110/35/10 кВ-ын Туул дэд станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвт тусгагдсаны дагуу нийт 17 сая еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкнаас санхүүжүүлэх аж. Зээлийн санхүүжилт нь жилд тогтмол хоёр хувийн хүүтэй, 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 30 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй бөгөөд хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл нь 0.25 хувьтай тэнцүү болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Зээлийн болон төслийн хэлэлцээрийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Х.Булгантуяа, Р.Сэддорж нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Зээлийн нөхцөл таатай хэдий ч нэг сая еврогийн зөвлөх үйлчилгээ тэргүүтэй дагалдах зардлууд нь хэт өндөр өртөгтэй байгааг анхаарах шаардлагатайг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 19 гишүүний 78.9 хувь нь зээлийн болон төслийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Г.Сансар