2026 он гарснаас хойш анхныхад тооцогдох музейн хулгай өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд шилжих шөнө Италид бүртгэгдэв. Парма хотын ойролцоох Мамиано ди Траверсетоло харш дахь Маньяни Рокка сангийн хувийн музейд багтай дөрвөн этгээд нэвтэрч Пьер-Огюст Ренуарын “Загаснууд”, Пол Сезанны “Интоортой натюрморт”, Анри Матиссын “Тагтан дээрх одалиск” бүтээлүүдийг хулгайлсан талаар тухайн сарын 30-нд хэвлэлүүд мэдээлжээ. Алдагдсан бүтээлүүдийн үнэлгээ багадаа есөн сая евро болох талаар мэргэжилтнүүд үнэлсэн. Эдгээрээс зөвхөн “Загаснууд” зургаан сая евро хүрэх гэнэ. Хулгайч нар ердөө гурван минутад эдгээр бүтээлийг аваад арилсан нь өнгөрсөн оны аравдугаар сард Францын Луврын музейд нэвтэрсэн этгээдүүдийн “гүйцэтгэлийн хурдны” амжилтыг эвдлээ.
Ташрамд дурдахад, 2025 он дэлхийн нэртэй музей, галерейнуудын хувьд нэлээд халгаатай байсан бөгөөд Америк, Бразил, Британи, Нидерланд, Сири, Румын, Францад энэ төрлийн хэрэг 12 бүртгэгдсэн. Алдагдсан бүтээлүүдийн дотор Матиссын зургууд байжээ. Тодруулбал, оны сүүлчийн сарын 7-нд Бразилын Сан Пауло хотын Марио де Андрадегийн нийтийн номын сангийн музейгээс Матиссын алдарт “Жааз” цомгийн найман зураг гэгээн цагаан өдөр алга болсон. Мөн Бразилын зураач Кандидо Портинари (1903-1962. ХХ зууны алдарт зураачдын нэг), Элио Ойтисика (1937- 1980. Neo-сoncrete аrt буюу неоконкретизмын төлөөлөгч. 1950-иад оны сүүлээр Бразилд хэт оновчтой, геометрийн хийсвэрлэлийн “эсрэг” гарсан урлагийн хөдөлгөөнөөс үүдэлтэй. Неоконкретистууд урлагт сэтгэл хөдлөл, үзэгдлийн туршлага, материаллаг байдлаар эрэлхийлж, бүтээлийг зүгээр л геометрийн хэлбэр биш, харин амьд, “органик” бүхэл гэж үздэг) болон Францын зураач, барималч Фернан Леже (1881- 1955) нарын бүтээл дээрэмчдийн гарт оржээ.
“Артс” энэ удаа Мамиано ди Траверсетоло харшаас алдагдсан бүтээлүүдийн талаар танилцуулна. Ташрамд, Италийн цуглуулагч Луижи Маньяни (1897-1984)-ийн байгуулсан урлагийн музей нь Сэргэн мандалтаас эхлээд орчин үе хүртэлх , жишээ нь Сэргэн мандалтын үеийн Германы зураач А.Дюрер, Францын К.Моне нарын олон мастерын бүтээлүүдээрээ алдартай. Түүний нэрэмжит сан нь уран зургаас гадна хөгжим, утга зохиолын чиглэлээр олон улсад төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг нэр хүндтэй байгууллага.
Сүүлчийн "загаснууд"

Ренуар “Загаснууд” натюрморт бүтээлээ 1919 онд таалал төгсөхөөсөө өмнөхөн тосон будгаар “амилуулжээ”. “Библи”-д өгүүлдэг Гэгээн Петрийн загас буюу тиляпи (эмэгчин тиляпи өндөг, жижиг жараахайнуудаа хамгаалахын тулд аман дотроо авч явдаг тул “бүхний эх” гэж шүтдэг)-ийг дүрсэлсэн эл бүтээл зураачийн амьдралын төгсгөл үеийнх. Тодруулбал, зураач үе мөчний хүнд өвчний улмаас бийр, харандаа зэргийг гартаа уяж, бэхлэн зурдаг болсон цаг хугацаа юм. Загасны хувьд алтан шаргал туяа бүхий саарал бөгөөд Ренуар тод улаан өнгө сонгожээ. Түүний туурвилын үеийг дөрвөн хэсэгт хуваадаг. “Загаснууд” 1903-1919 он буюу улаан үед хамаарна. Улаан, ягаан өнгийг илүүтэй сонгож зурдаг байснаас үүдэн ингэж нэрлэжээ. Гэхдээ “Загаснууд”-ыг ямар нэгэн онцгой үйл явдал, учир шалтгаанаар зураагүй бөгөөд бүтээл төрсөн түүх дэлгэрэнгүй биш аж. Энэ үед тэрбээр уран баримал, керамик урлалд татагдан бүтээлийн шинэ эрэлхийлэлд автсан. Найз, уран зургийн худалдаачин Воллард нь түүнийг Ричард Гиноттой танилцуулснаар хамтран 10 гаруй бүтээл хийсэн. Гэхдээ тэдгээр баримлыг нөгөөх хоёр нь зарснаас болж нөхөрлөл нь хөндийрсөн гэдэг. Амьдралын төгсгөл үедээ Ренуар энэ чиглэлээр шинэ хамрагчтай болжээ. Сувдан үе ч гэж нэрлэдэг төгсгөлийн цаг хугацаанд Ренуар байгалийн үзэсгэлэн, тод цэцэгтэй натюрморт, хүүхэд, нүцгэн эмэгтэйчүүдийн хөрөг гэхчлэн олон сэдвээр зурсаар байв. Түүний өнгө будгийн хослол, ялангуяа эмэгтэйчүүдийн хөргүүдийнх нь яг л сувд мэт, шаазан, паалан шиг “гялтганадаг” учраас ийнхүү тодотгодог болсон талаар шинжээчид тэмдэглэжээ.

Өөрийн бүтээлүүдийг XVIII зууны Францын уран зургийн үргэлжлэл гэж үздэг байсан Ренуар Парисын салонуудад уран зургуудаа олон нийтэд толилуулах дуртай байжээ. Үүгээрээ импрессионист найзуудаасаа ялгаатай байсан талаар судлаачид өгүүлсэн байна. Ид туурвилынх нь үеүдтэй харьцуулахад улаан үеийн зургууд эхлээд хачин, нунж санагдах ч илүү тансаг, гангар шиг хэмээн тайлбарлажээ. Энэ үе бол “буцах” эрэлхийлэл нь байсан гэж мэргэжилтнүүд үздэг байна. Сонирхуулахад, А.Воллард (1866-1939) найз Ренуарынхаа тухай дурсамжийг 1918 онд хэвлүүлжээ. Өөр нэг сонирхолтой баримт бол Ренуар бараг 28 насаар дүү Анри Матисстай дотно нөхөрлөсөн бөгөөд үе мөчний үрэвслийн улмаас саажилттай болсон өвгөн найзаа залуу зураач өдөр бүр эргэдэг байжээ. Нэг өдөр Матисс зурж суусан Ренуарыг ажиглаж байснаа “Огюст, та зурахгүй байж болохгүй юм уу, ингэж их өвдөж, шаналж байж” хэмээн асуухад “Өвдөлтийг тэсээд өнгөрөх ч гоо үзэсгэлэнг бол үгүй” гэжээ. Тийм их өвдөлт шаналлын нэгэн гэрч “Загаснууд” хулгайд алдагдсан нь үнэ цэнийг улам өсгөх буй за.
ШИВЭГЧНИЙ ТАВИЛАН

Анри Матисс (1869-1954 он. Францын зураач, хэвлэмэл зурагчин, уран барималч, модернизмын үеийн Европын гол төлөөлөгч)-ын 1922 онд зурсан “Тагтан дээрх одалиск” бүтээл бол шивэгчин бүсгүйчүүдийг мөнхөлсөн олон бүтээлийнх нь нэг. Одалиск гэдэг нь Туркийн одалик буюу өрөөний бүсгүй гэсэн утгатай бөгөөд Османы эзэнт гүрний үйлчлэгч, шивэгчин, боол эмэгтэйг ийнхүү нэрлэдэг байжээ. ХV зууны Европын соёл, Дорно дахины уран зурагт энэ нэр томьёог хагас нүцгэн татвар эмсийн дүр төрх болгон хувиргажээ. Угтаа бол ордны язгууртан эмэгтэйчүүдийн зарц бүсгүйчүүд хаанд харагдах, харах эрхгүй байсан. Гэхдээ авьяаслаг, үзэсгэлэнт одалиск султаны албан бус татвар эм болсон түүх цөөнгүй бий ч тэд ямар ч эрх мэдэлгүй. Европ уран бүтээлчид тухайлбал, Францын зураач, ХIХ зууны Европын академикизмын удирдагч Жан Ингре (1780-1867, идэр насандаа мэргэжлийн түвшинд хөгжим судалж, Тулузийн дуурийн найрал хөгжимд тоглож, Н.Паганини, Ф.Лист Л.Черубини, Ч.Гуно, Г.Берлиоз нартай хамтран ажиллаж байсан) одалискийг эротик уран зөгнөлийн объект болгон дүрсэлжээ.

Эцэг эхийнхээ хүсэлтээр хуулийн мэргэжил эзэмшсэн ч уран зургийг амьдралынхаа гол шугам болгосон А.Матиссын хувьд 1920-1940-өөд онд Дорно дахины татвар эмсийг дүрсэлсэн 30 орчим цуврал бүтээл туурвижээ. Тэдгээрээс “Толинд туссан одалиск” “Улаан өмдтэй одалиск”, “Түшлэгтэй сандалтай одалиск” нь нэлээд алдартай. Матисс энэ чиглэлээр зурахдаа тод, хурц буюу баялаг өнгийг түлхүү сонгосон байдаг. 1925 онд зурсан “Улаан өмдтэй одалиск” бүтээлийг нь 1981 онд Каракасын Урлагийн музей (Венесуэл) НьюЙоркийн Марлборо галерейгаас 480 000 ам.доллароор худалдан авсан ч 2000 онд хулгайд алдсан түүхтэй. Тодруулбал, тосон будгийн эх зургийг акрил буюу усан будгийн хуулбараар сольсон байдаг. Азаар 11 жилийн дараа уг бүтээлийг олж, музейд эргүүлэн залсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь гурван сая ам.доллар давна.
Матисс “Тагтан дээрх одалиск”-ийг 1922 онд буюу Ницца хотод суурьшсаныхаа дараа зуржээ. Тэрбээр уушгины архаг үрэвслийн улмаас 47 насандаа буюу 1917 онд эмч нарын зөвлөснөөр цэнгэг агаартай тус хотод нүүж ирсэн бөгөөд тэнд туурвисан бүтээлийг нь Ниццагийн үеийнх гэж тодотгодог. Чухамхүү энэ үед тэрбээр онцгой эрчтэй байж, Пикассо нарын алдартантай хамтран үзэсгэлэн гаргаж, Ренуартай танилцсан байдаг. Шинэ өнцгийн геометр, сувдан саарал, хар өнгө давамгайлсан бүтээлүүдээ төрүүлсэн энэхүү он цагуудад одалискийн сэдэв Матиссыг хурцалсан гэж судлаачид онцолдог. Матисс эмэгтэй хүний дүр төрхийг хүрээлэн буй интерьертэй зохицуулан найруулан зурдаг байсан нь тун өвөрмөц. Сонирхуулахад, 1920 онд Оросын театр, урлагийн зүтгэлтэн, бизнес эрхлэгч Сергей Дягилевын хүсэлтээр тэрбээр И.Стравинскийн хөгжим, Л.Массиний найруулсан “Гургалдайн дуу” балетын хувцас, тайзны загваруудыг бүтээжээ. Хожим 1937 онд мөн гарамгай хөгжмийн зохиолч Д.Шостаковичийн хөгжим, Л.Массиний дэглэсэн “Улаан ба хар” балетын тайзны загварыгч гаргасан түүхтэй. 1941 онд Матисс уушгины хорт хавдрын хагалгаанд орсон ч бие нь тэнхрэхгүй байсан тул туурвих хэв маягаа хялбарчлах арга сэдсэн нь цаасны декупаж урлагийн эхлэл болсон. Цаас ашиглан чимэглэх эл арга энгийн эд зүйлсийг өвөрмөц урлагийн бүтээл болгодог, өнөө цагт түгээмэл урлал. 1943-1947 онд Матисс энэ чиглэлээр “Жааз” номынхоо цуврал чимэглэлийг хийжээ. Эл цомгийн нэг хэсэг нь өнгөрсөн онд хулгайд алдагдсан талаар дээр дурдсан. Тэрбээр 1954 онд захиалгаар Нью-Йоркийн Покантико Хилл сүмийн цонхны чимэглэл болох винтаж сарнайн загварыг гаргасан нь сүүлчийн бүтээл нь болжээ. “Би цэвэр ариун байдал, амар амгалангаар дүүрэн, дэмий хоосон, тайван бус сэдэвгүй урлагийг мөрөөддөг, яг л тухтай сандал шиг” хэмээсэн А.Матисс амьдралынхаа сүүлчийн жилүүдийг хүнд өвчний улмаас тэнгэнцэртэй өнгөрүүлсэн нь өвгөн найз Ренуарынхтай нь адил байлаа. Шинжээч, судлаачид түүнийг гэрэл, өнгө, амьдралын баяр баясгалангийн мастер гэж тодотгодог. Түүний урлах хэв маяг, фовизм (ХХ зууны эхэн үеийн (1904-1908) Францын уран зургийн авангард урсгал, эрчимтэй, тод өнгө, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, хавтгай дүрслэл ашигладаг онцлогтой урсгал. Матисс, А.Дерейн нар бий болгосон)-ын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, урлагийн ертөнцийг өөрчилсөн бүтээлүүд аль ч цаг үед үнэлж баршгүй өв ажээ. Ташрамд сонирхуулахад, Матиссын эхнэр, хүүхдүүд ч нийгмийн онцгой идэвхтэй байжээ. Үүнийг гэрчлэх нэг баримт бол 1944 онд эхнэр, охин нь эсэргүүцлийн жагсаалд оролцсоны улмаас Гестапод баривчлагдан хэд хоног хоригдсон явдал.
ДҮРСЛЭЛИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛСӨН “ЖИМС”

“Интоортой натюрморт” бол Францын постимпрессионист зураач Поль Сезанн (1839-1906)-ы 1890 оны бүтээл. Түүний бүтээлийн өвөрмөц байдал нь урлагийн түүхэнд албан бус хөдөлгөөн болж, түүнийг дагагчдын бүтээлийг тодорхойлоход ашигладаг “Сезаннизм” гэсэн нэр томъёо ч бий болсон түүхтэй. Энэ нь модернист урлагийн өөр нэг урсгал кубизмын замыг тодорхойлжээ. Түүний “Интоортой натюрморт” бийрний цохилт, шахагдсан орон зай, өнгөний ялгаагаар онцгой ялгардаг гэж судлаачид тэмдэглэжээ. Техникийн хувьд тосон будгийн бүтээл бөгөөд Сезанн бүтцийг нарийвчлан дүрслэхэд бус, харин өнгөөр хэлбэрийг бүтээхэд анхаарч, бийрний таталт, зураас бүрийг элемент болгодог онцлогтой аж.
Тэрбээр 200 орчим натюрморт бүтээсэн бөгөөд геометрийн хэлбэр (бөмбөрцөг, цилиндр) дээр төвлөрсөн энэ төрлийн бүтээл нь кубизм болон модернизмын хөгжилд асар нөлөө үзүүлсэн хэмээдэг.
Сезанны бүтээлүүдэд зан чанарыг нь хязгаарласан шашны уламжлалаас өөрийгөө чөлөөлөх оролдлогууд, хүссэнээ илэрхийлэх аргын эрэлхийлэл, үүнийг олохгүй байх вий гэсэн айдас гэхчлэн амьдралынх нь ул мөр агуулагддаг. Тэрбээр айдас ихтэй байсан, тогтворгүй зан чанар нь бүтээлээс нь илт бөгөөд зурах нь түүнд аврал болсон нь харагддаг талаар судлаачид нарийн тайлбарласан байдаг. “Бид байгалийнхаа, өөрийнхөө мэдрэмжийн тусламжтайгаар дахин сонгодог болох хэрэгтэй” хэмээн импрессионистуудын “хавтгай зураг”-ийг шүүмжилж ирсэн тэрбээр Сэргэн мандалтын үеийн сонгодог зургаас илүү төвөгтэй, Византын дүрс зураг, готик урлагийн орон зайд бидний ойлголтыг хэсэгчлэн буцаасан шинэ төлвийг олж харсан гэж шинжээчид тодотгожээ.

Гэхдээ тэрбээр өөртөө байнга сэтгэл дундуур байж, мөнхийн эрэлхийлэлд мордсоныг нь илтгэх жишээ олон. “Би маш удаан ажилладаг. Учир нь байгаль дэлхий надад дэндүү нарийн төвөгтэй санагддаг. Надад гүйцэтгэл дутагдаж байна. Би үүнд хүрэх байх, гэхдээ магадгүй чадахгүй байсаар хөгширч үхэж мэднэ” гэхчлэн ярьдаг байсан талаар нь урлагийн бүтээлийн бизнес эрхэлдэг найз, өнөөх А.Воллард дурссан нь бий. Үнэхээр л зурж байгаа алим нь ялзартал удах нь байсан талаар мөн дурссан байх юм. Тэрбээр Воллардын хөргийг бүтээхдээ ганцхан деталь дээр 115 удаа засвар хийсэн гэдэг. “Би цамцны урд хэсэгт сэтгэл дундуур байна гэж хэлж чадахгүй” гэсэн хэрнээ л дахин дахин “чимхсэн” талаар бизнесмэн эр дурсамждаа өгүүлжээ.
Ийм нэгэн зураачийг цаг үеийнхэн нь дандаа ойлгож, үнэлээгүй. 1906 онд гаргасан хамгийн сүүлчийн үзэсгэлэнгийнх нь талаар “Гэнэн өрлөгчин”, хүрээлэн буй орчныг гажуудуулж харуулсан хачин, зэрлэг зургууд. Харааны бэрхшээлээс болж зургууд нь дуусаагүй, бүдэг бадаг байдалд орсон мэт. Цөөн хэдэн зохиолч, бүтээлчийн парадокс, зарим худалдаачны заль мэхний ачаар тэрбээр өөрийгөө агуу хүн, сургуулийн захирал гэж боджээ. Энэхүү чин сэтгэлтэй боловч алдаатай зураачийн бүтээлийн сул тал нь олон нийтийг үргэлж гайхшруулдаг. Түүний зураач найзууд нь хүртэл чадваргүйг нь хэлдэг” гэж хэвлэлд шүүмжилсэн байна. Сезанны зөвхөн тосон будгийн бүтээл нь 800 гаруй. Усан будгийн зураг хэд байдгийг тоолох боломжгүй гэдэг. Сонирхуулахад, Уинстон Черчилль өөрийгөө Сезанны шавь гэж үздэг байв. Ийм цуутай зураачийн 50х60 хэмжээтэй “хайрцагтай жимснүүд” хулгайч нарын идэш болжээ.
Э.Хана