Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн билээ. Энэ үеэр уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Би МУИС-д Үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээлийг Б.Жаргалан гишүүнд зааж байсан. Гэвч тэр үед би ёс зүйн том алдаа гаргаснаа энд хүлээн зөвшөөрч байна. Юу вэ гэхээр Б.Жаргалан гишүүн хичээлдээ суугаагүй, хүнээр гуйлгаж дүнгээ тавиулсан. Би үүндээ хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээсэн юм. Тэгвэл уг асуудлаар АН-ынхан мэдээлэл өгч, парламентад хүндэтгэлгүй хандаж, Б.Жаргалан гишүүнийг гүтгэсэн А.Бямбажаргалд хариуцлага тооцох ёстой гэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Чуулганы танхимд хууль санаачлагчийг төлөөлж оролцсон, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Бямбажаргал намайг онцлон гүтгэж, доромжиллоо. УИХ-ын гишүүдийг хөндлөнгийн этгээдүүд ийн гүтгэж, доромжилдог жишиг тогтвол цаашид бүгд айдаст автаж, парламентад нээлттэй, ил тод үзэл бодлоо илэрхийлэх боломжгүйд хүрэх эрсдэлтэй. Тиймээс А.Бямбажаргал энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Би МУИС-ийг төгссөн ч А.Бямбажаргалаас дүн гуйж үзээгүй” гэсэн бол гишүүн Ч.Лодойсамбуу “УИХ-ын дэгийн тухай хуулийг С.Бямбацогт дарга танилцуулсан. Уг хуульд УИХ-д хүндэтгэлтэй хандах, үнэн зөв мэдээлэл өгөх зэрэг үндсэн зарчим тусгасан байдаг. Зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага ч хүлээлгэх заалт бий. Гэтэл хуралдаанаар дэгийн зөрчил гарлаа гэж үзэж байна” хэмээв. Харин ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал эл асуудлаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулахдаа “Б.Жаргалан гишүүн над руу чиглэж тодорхой зүйл хэлсэн учир хариуд нь “Миний хичээлд суугаагүй учраас Үндсэн хуулийнхаа агуулгыг ойлгоогүй байна” гэсэн тайлбар өгсөн. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон шүүх засаглал гэсэн дөрвөн субъектийн төлөөллөөс ажлын хэсэг бүрдсэн. Иймд гишүүд ч ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүндэтгэлтэй хандах ёстой” гэжээ.
О.Оргилох