Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын улс хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пеллитэй ярилцлаа. АХБ-наас манай улсын болон Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвийг тодорхойлсон тайлан гаргадаг. Энэ удаа тэрбээр шинэ гаргасан тайлангийн дүнгээсээ танилцуулж, зарим зөвлөмжийг өглөө.
-АХБ-наас бүс нутгийн болон Монголын эдийн засгийн нөхцөлийг судалж, төлөвийг мэдээлдэг. Өнөөдөр (өчигдөр) гаргасан тайлангийн дүгнэлтээсээ та танилцуулахгүй юү?
-Бид жил бүрийн дөрөвдүгээр сард бүс нутгийн болон Монголын эдийн засгийн төлөв, гадаад, дотоод нөхцөл байдлыг “Азийн хөгжлийн төлөв” тайлангаараа танилцуулдаг уламжлалтай. Хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд өнгөрсөн онд эдийн засгийн идэвхжил харьцангуй сайн байж 5.4 хувиар өссөн. Харин 2026, 2027 онд бүс нутгийн өсөлт ялимгүй саарч 5.1 орчим хувь байх төсөөлөл гарлаа.
Гэхдээ эл төсөөллийг Ойрх Дорнодын нөхцөл байдал сунжрахгүй, эрт тогтворжино гэж үзсэн гуравдугаар сарын 10-ны байдлаар тооцсоныг дурдах нь зүйтэй. Хэрвээ Ойрх Дорнодын мөргөлдөөн илүү удаан үргэлжилж, газрын тос болон бусад бүтээгдэхүүний нийлүүлэлт урт хугацаанд тасалдвал Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улс орнуудын ДНБ 1.3 хүртэл нэгж хувиар саарах эрсдэл бий. Түүнчлэн олон улсын геополитикийн хүндрэл даамжрахгүй болМонгол Улсын эдийн засаг энэ онд 5.7 орчим хувиар өсөх тооцоо байна. Энэ нь өмнөх оны 6.8 хувийн өсөлтөөс бага зэрэг буурах дүн боловч дотоод суурь хүчин зүйлс тогтвортой хадгалагдана гэж үзлээ. Ирэх онд экспортын нүүрс тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэх, уул уурхайн үйлдвэрлэл, улмаар дотоодын эдийн засаг эрчимжих төлөвтэй бөгөөд ДНБ зургаан хувьд хүрэх магадлал байна.
-Манай гадаад валютын албан нөөц (ГВАН) өслөө, зээлжих зэрэглэл “BB-” тогтвортой төлөвт, эдийн засгийн нөхцөл байдал эерэг байна хэмээн Сангийн яам, Төвбанкнаас мэдээлдэг. Гэтэл бодит байдалд бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, худалдан авах чадвар муу зэрэг асуудал байна. Өрхийн зардалд томоохон жин дардаг мах, шатахууны үнэ жилийн өмнөхөөс харьцангуй нэмэгдчихлээ. Энэ талаар юу хэлэх бол?
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг макро түвшинд тогтвортой ч гадаад орчны болон цаг агаарын шинжтэй аливаа эрсдэлд эмзэг, өртөмтгий байна гэж дүгнэж болно. Эдийн засгийн ерөнхий идэвхжил 2025 онд сайн байж, өсөлт нь 6.8 хувьд хүрсэн. Үүнд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхайн салбарын бүтээмж дээшилснээс гадна өрхийн хэрэглээний өсөлт голлох нөлөөг үзүүлсэн. Төсөв болон гадаад тэнцвэр сайжирсан нь тогтвортой байдалд эер гээр нөлөөлсөн. Гэхдээ импортын бүтээгдэхүүний ханшийн хэлбэлзэл, цаг агаарын нөлөө зэрэг хүчин зүйл нь хүнс, шатахууны үнийг нэмэгдүүлдэг. Энэ нь өрхийн амьжиргаа болон бизнесийн салбарт шууд ажиглагддаг. Тиймээс эдийн засгийн өсөлтийг аль болох өргөн хүрээг хамруулж, ард иргэдэд хүртээмжтэй, тогтвортой байдлаар тархаах хэрэгтэй. Эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус салбаруудын хөгжлийг дэмжих нэн шаардлагатай гэсэн үг.
-Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл 33 орчим хувиар тэлж, ДНБий өсөлтийн 2.9 нэгж хувийг бүрдүүлсэн. Харин уул уурхайн салбарын үйлдвэрлэл 1.4 нэгж хувьд нь ногдсон. Бид уул уурхай голлосон эдийн засгаас хөдөө аж ахуйн салбар руу аажим шилжих нөхцөл бүрдэж байна уу. Эдийн засгаа солонгоруулах боломж үүслээ хэмээн ойлгож болох уу?
-Өнгөрсөн оны өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийг эдийн засагт гарч буй бүтцийн өөрчлөлт гэж шууд хэлэхэд хэцүү. Учир нь 2023-2024 он дараалсан цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас мал аж ахуйн үйлдвэрлэл хэт агшсан. Харин өнгөрсөн онд эргэн сэргэж, улмаар хөдөө аж ахуйн салбарын бүтээмж өсөх нөхцөлийг бүрдүүлжээ. Харин уул уурхай бол Монголын эдийн засагт голлох нөлөөтэй салбар хэвээр байна. Тодруулбал, 2025 онд нүүрсний олборлолт 95, экспорт нь 90 сая тоннд хүрч түүхэн дээд хэмжээгээр нэмэгдсэн. Мөн Оюутолгойн далд уурхайн зэсийн баяжмал олборлолт ахисан. Эдгээр нь экспортын болон төсвийн орлогыг нэмэгдүүлж, гадаад валютын урсгалд эергээр нөлөөлсөн хэрэг. Нөгөөтээгүүр, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эдийн засагт бүтцийн өөрч лөлтийг илэрхийлэхгүй ч орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн, малчдын орлогын эх үүсвэрийг сайжруулсан, хүнсний нийлүүлэлтийн гол суваг гэдгийг нь тодорхойлж байна. Бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, ажлын байр бий болгох зэрэг талаас нь авч үзвэл эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбар хэвээр байгаа гэсэн үг. Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлт болон эрсдэлд тэсвэртэй байдлаар хөгжүүлэх нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.
-Монголд үйлдвэрлэл бараг хөгжөөгүй, импортын өндөр хамааралтай. Үүнийг хэрхэн шийдвэрлэж, үйлдвэрлэгч улс болох бол?
-Импортоор бараа, бүтээгдэхүүн худалдан авах нь эдийн засгийн хувьд тийм ч сул тал биш. Энэ бол олон улсын худалдаанд оролцож буй нэг хэлбэр. Улс бүр хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, бүх бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж ч байхгүй. Харин өөрт буй давуу талаа ашигласан, түүхий эдийн нөөцдөө тулгуурласан, нэмүүөртгийгшингээсэнэцсийнбүтээгдэхүүнийг нийлүүлдэг байх хэрэгтэй. Далайд гарцгүй, хүн ам цөөн монголчуудын харьцангуй давуу талтай бүтээгдэхүүн бол ноолуур. Мал аж ахуй эрхэлж ирсэн туршлага ихтэй, ур чадвартай, мөн байгалийн нөхцөл нь ч давуу тал болдог учраас ноолуурын боловсруулалтыг сайжруулж, ахиулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхыг зорих хэрэгтэй. Үүнээс гадна мах, ноос, уул уурхайн баялгаас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар ажлын байрыг тэлэх бүрэн боломж бий. Мөн дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрчим хүч болон тээвэр ложистикийн найдвартай байдлаа хангах, техникийн ур чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь чухал ач холбогдолтой.
-Олон улсын нөхцөл байдал тайван биш. Орос, Украин дайтсан хэвээр байна. Мөн Ойрх Дорнодод асуудал үүсчихлээ. Энэ нь Азийн бүс нутаг, улмаар Монголын эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Ойрх Дорнодоос шууд худалдан авалт хийдэг Азийн бусад оронтой харьцуулахад Монголын импортын тээвэрлэлт, нийлүүлэлтийн маршрутад саатал бодитоор үүсэхгүй болов уу. Харин олон улсын зах зээлд газрын тос болон бусад түүхий эдийн жишиг үнэ өсөж, тээврийн зардал нэмэгдэж, улмаар импортоор дамжин дотоодын эдийн засагт нөлөөлнө. Хоёр талт хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа ч цаашид тус улсын дотоод нөхцөл байдал, гадаад бодлого яаж өөрчлөгдөхийг анхаарах нь зүйтэй. Шатахуунаас гадна газар тариалангийн үйлдвэрлэлийн орц, бордоо зэрэг бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнэ өндөр байх нь хөдөө аж ахуйн салбарын зардлыг өсгөж, хүнсний үнийг хөөрөгдөх эрсдэлтэй юм. Эдийн засгийн нөхцөл байдлыг өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй харьцуулахад гадаад орчинд эрсдэл улам өндөр болсныг онцолъё. Тодруулбал, олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом нэмэгдсэнээр шатахуун болон тээврийн зардлыг өсгөж, улмаар дотоодын инфляцад нөлөөлж болно. Шатахуун төдийгүй хөдөө аж ахуйн салбарын чухал орц бүтээгдэхүүнүүд, бордооны өртөг ч өсөн, улмаар хүнсний үнэд нөлөөлж болзошгүй. Түүнчлэн гадаад эрэлт суларч, нийлүүлэлтийн сүлжээ доголдсоноор түүхий эдийн эрэлт буурч, улмаар экспортын орлогыг хумиж магадгүй. Ерөнхийдөө, дотоод эдийн засгийн суурь хүчин зүйлсээс илүүтэйгээр гадаад орчинд тодорхой бус олон нөхцөл үүсэн, эрсдэл давамгайлж байна.
-Сүүлийн хагас жилд манай улс төр тогтворгүй байлаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлж буй бол?
-Улс төрд тогтворгүй, тодорхой бус байдал бий болох нь аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын шийдвэрээ түр азнах, иргэдэд хэрэглээндээ болгоомжтой хандах сэдлийг төрүүлдэг. Мөн төр, засгийн байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээнд ч нөлөөлж болзошгүй. Харин хөрөнгө оруулагчдын хувьд төрийн бодлого хэр таамаглахуйц, тогтвортой байх нь вэ гэдэгт анхаарлаа хандуулж эхэлдэг. Товчхондоо, талуудын шийдвэр гаргалт удааширдаг гэсэн үг. Монгол Улсын хувьд уул уурхайн үйлдвэрлэл, экспорт, дотоод эрэлт зэрэг эдийн засгийн тулгуур хүчин зүйлс тогтвортой байгаа ийм үед чухал төслүүдээ цаг алдалгүй үргэлжлүүлэх л хэрэгтэй. эсэх, бүтээмжийг тэлж, урт хугацаанд өгөөж өгөх үгүй нь чухал. Мөн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангаж чадах, эсэхээс шалтгаалж нэг талаас боломж, нөгөө талаас дарамт үүсдэг гэхэд болно. Монголын хувьд тээвэр, ложистикийг сайжруулах, хил дамнасан холболтуудыг өргөжүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох, аж үйлдвэрлэлийн чадавхийг тэлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр эдийн засагт өндөр үр ашиг авчирна. Ийм төрлийн хөрөнгө оруулалт бизнесийн бүх салбарт эергээр нөлөөлж, зардлыг бууруулан, өрсөлдөх чадварыг сайжруулж, эдийн засгийг солонгоруулах боломжийг бүрдүүлнэ. Нөгөөтээгүүр, зөв салбарт, шаардлагатай төсөлд хөрөнгө оруулсан ч хэрэгжилт хангалтгүй, хугацаа алдаад, сунжраад байвал зардал улам л өснө. Сүүлийн жилүүдэд улсын өрийн үзүүлэлтүүд сайжирч, хөрөнгө оруулалт өгөөжтэй байх бололцоо үүсэж буй тул эдийн засагт үзүүлэх ач холбогдлоор нь төсөл, хөтөлбөрүүдээ эрэмбэлж, хэрэгжилтийг сайтар хангах нь зүйтэй.
-Улаанбаатар хотоос, Засгийн газраас янз бүрийн хугацаатай бондууд гаргаж хөрөнгө босгодог. Заримдаа нэг бондын өрийг нөгөөгөөр дарж, дахин санхүүжилт хийх нь бий. Ийм байдал дунд, урт хугацаанд эдийн засагт, зээлийн хүү зэрэгт ямар нөлөөтэй вэ?
-Шинэ бонд гарган, өмнөхүүдээ дахин санхүүжүүлэх нь өрийн удирдлагын хэвийн арга хэрэгсэл. Дахин санхүүжилт нь санхүүгийн эрсдэлийг бууруулж, хугацааг уртасгаж байвал макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй. Харин өрийн хүү улам нэмэгдэж, эсвэл эдийн засгийн өсөлтөөс илүү хурдацтайгаар өр өсөх нь дунд, урт хугацаанд эрсдэл дагуулах талтай. Үүнээс гадна, эдийн засагт “crowding out” буюу төр дотоодын зах зээлээс санхүүжилт ихээр татахын хэрээр хувийн хэвшлийн санхүүжилтийн өртөг нэмэгдэнэ гэсэн ойлголт байдаг. Тиймээс бондоор босгож буй хөрөнгийг үр дүнтэй удирдах нь нэн чухал төдийгүй улсын нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хүрээнд бондыг зарцуулах хэрэгтэй.
-АХБ-наас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, манай нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг болсоор ирсэн. Ирэх жилүүдэд дотоодын аль салбарт, хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж, хэлэлцэж байна вэ?
-АХБ, Монгол Улсын Засгийн газар хооронд 2025-2028 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг байгуулсан. Үүний хүрээнд Монголын төрийн болон хувийн хэвшлийн салбарт ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломжтой. Мөн 2025 оны сүүлээр батлагдсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт 225 сая ам.доллар зарцуулж, 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгыг шинэчилж, үйлчилгээг нь сайжруулах юм. Ингэснээр Улаанбаатарын төвлөрөл багасан, нийт хүн амын болон нийгмийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Мөн 130 сая ам.доллароор Улаанбаатарт, орон нутагт шинэ сургууль, цэцэрлэг барина. 20 сая “ногоон”-оор мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг чадавхжуулж, залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Үүнээс гадна гамшгийг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүү лэх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруу лахаар хэлэлцсэн. Цаашид бид Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжсэн, цахилгааны найдвартай байдлыг ханган, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажилласан хэвээр байна.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл, учирч болох эрсдэл зэргийг тооцон мэргэжилтний хувиар ямар зөвлөмж өгөх вэ?
-Гадаад орчинд тодорхой бус байдал давамгайлж буй ийм нөхцөлд миний зүгээс гурван түвшинд зөвлөмж хүргэхийг зорьё. Нэгдүгээрт, шийдвэр гаргах түвшинд аль болох тогтвортой байдлыг хангаж, ард иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд анхаарах нь зүйтэй болов уу. Төсвийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хангаж, зардлаа хянахаас гадна Төвбанкнаас инфляцын хүлээлтийг удирдаж, төгрөгт итгэх итгэлийг хадгалах нь чухал. Үүнээс гадна дэд бүтэц, эрчим хүч, нийгмийн салбаруудад томоохон ач холбогдол бүхий төслүүдийг үргэлжлүүлэн үр ашигтай хэрэгжүүлэх нь зүйтэй. Бизнес эрхлэгчид, тэр дундаа импортын түлш, бараа материалаас хамааралтай компаниудын хувьд үйл ажиллагааны зардал өсөх, түүхий эдийн өртөг хэлбэлзэх эрсдэлийг тооцох, урьдчилан төлөвлөх нь чухал. Бэлэн мөнгөний урсгал, валютаар хийх гүйлгээгээ хянаж, өртгийн тооцооллыг сайн хийхээс гадна тээвэрлэлт болон нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэхэд анхаараарай гэе. Харин ард иргэдийн хувьд өнөөгийн нөхцөлд түгших шаардлагагүй. Монгол Улсын эдийн засаг үргэлжлэн өсөж, суурь хүчин зүйлс тогтвортой хэвээр байна. Гэхдээ хүнс, шатахууны үнэ савлаж болзошгүйг анхаарч, өрхийн зарцуулалтаа хянаж, санхүүгийн хувьд болгоомжтой байхад илүүдэхгүй.