Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас эрхлэн гаргасан “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр боллоо. Уг бүтээлийг ШУА, Үндэсний төв архив, МУИС, МУБИС-ийн төлөөлөл бүхий 24 эрдэмтэн, судлаач хамтран туурвисан аж. Энэхүү бүтээл нь түүх, хэл шинжлэл болон газар зүйн зураглалын олон талт эх сурвалжийг нэгтгэн дүгнэснээрээ шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой юм.
“Монгол” гэдэг үг угсаатан, үндэстний нэр болж нангиадын түүхэн сурвалжид нийтийн тооллын VI-VII зуунд анх тэмдэглэгдсэн байдаг. Монголчууд төрт улсаа Хүннү, Сяньби, Жужан, Хятан зэргээр нэрлэж байгаад XII зууны үеэс Монгол буюу Их Монгол Улс хэмээн тунхагласнаас хойш өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд энэхүү нэршил, дуудлагаа өөрчлөлгүй өнөөг хүрсэн байна. Гэвч дэлхийн улс орнууд бичиг үсгийн онцлог, анх ямар хэлээр дамжиж тухайн хэлд орсон зэргээс шалтгаалан Монгол хэмээх нэрийг харилцан адилгүй бичиж иржээ. Эрдэмтдийн баг судалгааны явцад XIII-XVIII зууны үеийн монгол бичгийн дурсгалуудаас гадна дорно болон өрнө дахины 10 гаруй хэлээрх архивын баримт бичиг, түүхэн газрын зургуудыг нарийвчлан шинжилсэн байна. Үр дүнд нь өрнө дахины хэлнээ XIII зуунаас Mongol, Mongolorum гэсэн хэлбэрээр бичиж ирсэн бол латин хэлний -ia дагавар бүхий Mongolia хэмээх хувилбар нь хожуу буюу XVII-XVIII зуунаас хэвшсэн болохыг тогтоосон байна. Тиймээс түүхэн баримт болон уугуул нэршилдээ нийцүүлэн Монгол Улсыг гадаад хэлнээ Mongolia бус Mongol хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь нэрлэж, бичиж хэвшүүлэх нь үндэсний соёлын дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
“Монгол хэмээх нэрийн судалгаа” ном хоёр бүлэгтэй бөгөөд ерөнхий редактораар академич Ц.Цэрэндорж, доктор Д.Заяабаатар, Ц.Минжин нар, зөвлөхөөр Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал ажиллажээ.
У.Сүрэн