Монгол Улсын эмийн зах зээлд чанаргүй, баталгаагүй, аюултай эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг удаа дараа оруулж ирж борлуулж байхад хууль хяналтын байгууллага нь юу ч дуугарахгүй, яаж ч чадахгүй суусаар. “Ковид-19” цар тахлын жилүүдэд “Түвшин-Энэрэл” гээч компанийнхан баахан хөлдүү “Пантоген” дуслын шингэн оруулж ирсэн. “Эмийн сонсгол”-ын үеэр тэр хөлдүү тариануудыг устгаагүй, худалдаанд гаргасан байж болзошгүй нь тодорхой болсон ч хариуцлага тооцсон нь үгүй. Магадгүй хөлдсөн “Пантоген” хэрэглэсэн хүмүүсийн зарим нь эсрэг урвал (реакц) өгсөн биз. Тэр ч бүү хэл, дээрх хөлдүү дуслын шингэнийг Эмийн хяналтын лабораторид шинжлэхэд “эмчилгээнд тэнцэнэ” гэж дүгнэсэн албан тушаалтан нь өнөөдөр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт дэвшин томилогдчихоод байгаа.
Мөн “Кашмия” гэх компани 2025 оны нэгдүгээр сард хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан, цацаж хэрэглэдэг D амин дэм оруулж ирсэн нь бас л хөлдүү байсан юм даг. Хөлдсөн эм, тарилгын шингэн, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлчилгээ мэдээж байхгүй болно гэдгийг мэргэжлийн олон хүн хэлдэг ч монголчуудынхаа халаасыг сэгсэрч л байвал болдог аж ахуйн нэгжүүд үл ойшоон борлуулсан нь ойлгомжтой. Зарим хүн олон нийтийн сүлжээнд “D амин дэм хэрэглээд байхад дутагдалтай гэж гарсан” хэмээн бичсэн нь ийм хөлдсөн, чанараа алдсан бүтээгдэхүүн хэрэглэснийх ч байж болох. Харамсалтай нь, сахил хүртээд шал дордсон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ынхан чанар, аюулгүй байдал нь алдагдсан эм, тарилгын шингэн, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг устгасан, эсэхэд хяналт тавьдаггүй гэх. Харин ч эсрэгээрээ ёс зүйгээ зөрчиж буй эмч Б.Дугархүүгийн оруулж ирж сурталчилдаг бүтээгдэхүүнийг чанаргүй гэж дүгнэсэн атал зөвшөөрөл олгож байгааг юу гэж ойлгох вэ.
Энэ мэт олон баримт, мэдээлэл байгаа учраас Чанаргүй эм үндэсний, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нь хэмээн манай сонин удаа дараа анхааруулж, уншигчдадаа мэдээлэл хүргэсээр буй юм. Чанаргүй эм, бэлдмэл монгол хүний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулж буй жишээ баримт олон. Хамгийн сүүлд л гэхэд 11 настай хүү “Ибупрофен” гэх ягаан өнгөтэй эм авч ууснаас болж биеийн байдал нь муудаж, хараагаа алдаж ч болзошгүй нөхцөл байдалд хүрч, хүүхдээ аврахын тулд эцэг, эх нь хандив тусламж эрж буй мэдээлэл цацагдлаа. Манайхан эмийг хоол, хүнс шигээ л дур зоргоороо хэрэглэдэгтэй зэрэгцээд чанаргүй, аюулгүйн баталгаа байхгүй бүтээгдэхүүнийг мөнгө олохын тулд эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд оруулж ирж буйн гор энэ жишээнээс харагдаж байна.
Хуучнаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн дэргэд байсан Эм шинжлэх лабораторийг өдгөө ЭЭХХЗГ-т шилжүүлсэн. Тус лабораторийнхноор шинжлүүлээд “Тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гаргасан байхад АШУҮИС-ийн дэргэдэх Эм шинжлэх лабораторид “Тэнцэнэ” гэж дүгнэн зарим эм, бэлдмэлийг худалдаанд гаргадгийн нэг хорт үр дагавар энэ ч байж болох.
Б.ДУГАРХҮҮГИЙН СУРТАЛЧИЛДАГ БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮРТГЭЛ “НО”-ТОЙ
Манайд өнөөдөр цоорхойтой хууль олон. Үүний нэг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль. Эл хуулийн 4.1.40-т “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой хэлбэр, тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийлэг гаралтай, тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг” хэлнэ гэж хуульчилсан.
Зурагт, олон нийтийн цахим сүлжээ ашиглан олон танигдсан эмч Б.Дугархүү баахан эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчилдаг. Өнгөрсөн зун, намар түүний сурталчилдаг нэгэн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг “Шивээстэй залуу” буюу Сүх-Очирын Мөнхбат гэх эр нэлээд шүүмжилсэн нь олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. Тодруулбал, эрчүүдэд зориулсан NMN гэх бүтээгдэхүүнийг Хятадад хямд үнээр үйлдвэрлүүлж, Монголд оруулж ирэн худалдаж байгаа талаар уг залуу цахим сүлжээ ашиглан ярьсан. Харин мөнөөх эмч Б.Дугархүү нь “Тухайн бэлдмэлийг албан ёсны бичиг баримт авч шинжлүүлэн борлуулж байгаа” гэж олон нийтийн сүлжээндээ мэдэгдсэнийг уншигчид санаж буй нь лавтай. Тэгвэл энэ эрчүүдийг залуужуулдаг хэмээн сурталчилдаг NMN гэх бүтээгдэхүүний бүртгэл хүртэл “но”-той байгаа юм.
Уг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 2023 онд Б.Дугархүүгийн үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн, гүйцэтгэх захирлаар нь О.Гэрэлмаа гэдэг хүн ажилладаг “Скайлайн велнес” гэх компани импортолдог аж. Энэ бүтээгдэхүүнийг ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторид шинжлээд улсын бүртгэлд оруулсан юм билээ. Ингэхдээ 2024 оын зургаадугаар сард Б.Дугархүүгийн үүсгэн байгуулсан дээрх компанийнхан 23NO41731 цувралын дугаартай 2025 оны арваннэгдүгээр сард хүчинтэй хугацаа нь дуусах NMN 250mg vegan capsules ¹30 гэсэн дээж Эм шинжлэх лабораторид хүргүүлжээ. Тус лабораторийнхон зургаан үзүүлэлтээр шинжилгээ хийгээд 2025 оны долоодугаар сарын 29-нд дуусан, 30-нд нь хэвлэж өгсөн гэнэ. Тухайн бүтээгдэхүүн нь шинжилгээнд тэнцээд шаардлага ч хангасан юм байх. Гэтэл өдгөө Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний улсын бүртгэлд ¹60/120 гэх байдлаар бүртгэн, 2029 он хүртэл зөвшөөрөл олгожээ. Өдгөө худалдаанд 250mg-тайг бус 125-тайг худалдаж байгааг ч харж болно. Өөрөөр хэлбэл, шинжилгээнд өгснөөсөө өөр байдлаар бүртгүүлсэн нь анхаарал татна. Магадгүй, бүртгэл, шинжилгээнд авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн юм биш байгаа гэсэн хардлага ч төрүүлж буй юм. Үүнээс үүдэн өдгөө Монополийн эсрэг газарт “Скайлайн велнес” компанид холбогдуулж зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа юм билээ.
Б.Дугархүү номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан эмч гэдгээ олон нийтийн сүлжээнд өөрөө нотолсон. Гэхдээ тэрбээр Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөөр байхад ЭМЯ-ныхан нүдэн балай, чихэн дүлий л сууцгаадаг. Тодруулбал, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 4.10-т “Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй байх, аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохгүй байх”, 4.11-т “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжиж сурталчлах, зарж борлуулахгүй байх” хэмээн заасан. Гэтэл Б.Дугархүү эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаа хийж буй тохиолдол олон.
ЭМЯ-НЫ ГАЗРЫН ДАРГЫН КОМПАНИЙН ЭМИЙН ДҮГНЭЛТИЙГ ХУРДАН ГАРГАДАГ НЬ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ БУЙ ХЭЛБЭР
ЭЭХХЗГ-ын дэргэдэх Эм шинжлэх лабораторийнхон яамны эрх мэдэлтнийхээ хамаарал бүхий аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний шинжилгээг шуурхай хийж, хурлаар оруулан шийдвэрлүүлдэг аж. Тухайлбал, ЭМЯ-ны нэгэн газрын дарга бөгөөд тус яам дахь Эмийн зөвлөлийн дарга нь М.Н гэх хүн бий. Тэгвэл түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж нь уламжлалт эмийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг аж ахуйн нэгжийн бэлдэж борлуулдаг уламжлалт эмийн шинжилгээг хэдхэн хоногийн дотор шийдвэрлэдэг юм байна. Тухайлбал, “Задь-5” хэмээх уламжлалт эмийг шинжлүүлэхээр 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд Эм шинжлэх лабораторид дээж хүргүүлжээ. Үүнээс хойш хэдхэн хоногийн дотор буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нд дүгнэлтийг нь гаргаж, тухайн өдөртөө хэвлэж өгсөн байна. Танил тал, эрх мэдэлтний хамааралтай аж ахуйн нэгжид ийнхүү шуурхай үйлчилдэг атлаа хэн нэгний дэмжлэггүйгээр эмийн бүртгэл хийлгэх, шинжлүүлэх гэж буй аж ахуйн нэгжийнхний дүгнэлтийг 5-6 сар гацаадаг явдал Эм шинжлэх лабораторийнхонд байна. Өөрөөр хэлбэл, тус лабораторийнхон, ЭЭХХЗГ-ынхан, ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлийнхөн энэ мэтээр танил тал, эрх мэдэлтэнд шуурхай үйлчилдэг жишээ цөөнгүй.
Магадгүй энэ лабораторийнхон нь дүгнэлтээ гаргаж өгөхгүй удаадгаас болж, АШУҮИС-ийн лабораторид эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд импортоор оруулж ирсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шинжлүүлэн худалдаанд гаргадаг байж ч болох. Тэндээс нь эрсдэлтэй бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очдог байх магадлалтай.
ЭМ ШИНЖЛЭХ ЛАБОРАТОРИ БОЛОН АШУҮИС-ИЙН ДҮГНЭЛТИЙН АЛИНД НЬ ИТГЭХ ВЭ
УИХ-аас 2024 оны дөрөвдүгээр сард “Эмийн сонсгол” зохион байгуулахад хэд хэдэн ноцтой зүйл дурдагдаж байсныг уншигчид нэг сенсацыг нөгөөгөөр дардаг технологийн улмаас мартсан биз. Энэ үед “Царамтэнгэр” ХХК-ийн оруулж ирсэн нүдний дусаалга Эм шинжлэх лабораторийн шинжилгээгээр тэнцэхгүй үзүүлэлттэй байсныг ЭЭХХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн лабораторид шинжлүүлэн тэнцүүлж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн талаар ярьж байв. ЭЭХХЗГ-ыг мэргэжлийн бус, чадамж дорой хүмүүс удирдаж ирснээс шалтгаалан Монгол Улсын эмийн бүртгэлд чанаргүй эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бүртгэгдэх нөхцөл бүрдсэн юм биш биз. Нэг лабораторид шинжлүүлээд “тэнцэхгүй” гэсэн дүгнэлт авмагц нөгөөд нь очоод “тэнцэнэ” болгуулаад улсын эмийн бүртгэлд оруулж байгаад ЭЭХХЗГ-ынхан, түүний удирдлага дүгнэлт хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд яагаад танилцуулахгүй байна вэ. Сэжигтэй байж болзошгүй бүртгэлийг яагаад холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулалгүй өнгөрдөг вэ. Шинжилгээнд тэнцээгүй бүтээгдэхүүнийг тэнцүүлээд, улсын эмийн бүртгэлд оруулдаг бүлэглэл Засгийн газрын энэ агентлагт бугшсан байхыг ч үгүйсгэхгүй. Харамсалтай нь, тэдэнд хариуцлага тооцох салбараа мэддэг эрх мэдэлтэн нэг ч алга.
ЭЭХХЗГ-ын дэргэдэх Эм шинжлэх лабораторид шинжлээд тэнцээгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг АШУҮИС-ийнханд тэнцүүлсэн хэд хэдэн жишээг энд дурдъя. АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн лабораторид “Монголфарм” ХХК-иас “Swiss energy hair, nail &skin” гэх биологийн идэвхт бүтээгдэхүүнийг 2023 оны гуравдугаар сард шинжлүүлэхээр өгчээ. Тэгвэл яг тэр бүтээгдэхүүнийг ЭЭХХЗГ-ын эрүүл мэндийн бүртгэлийн мэргэжилтэн Ш.Ариунзаяа Эм шинжлэх лабораторидоо шинжлүүлэхээр зэрэг шахам өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хоёр лабораторид хүргүүлсэн дээжийн цувралын дугаар, хүчинтэй хугацаа зэрэг бичиг баримт нь яг ижил аж. Ингээд ЭЭХХЗГ-ын дэргэдэх Эм шинжлэх лабораторид уг бүтээгдэхүүнийг хими, микробиологийн 16 үзүүлэлтээр, түүний сертификат, олон улсын фармакопей зэргийг үндэслэн шинжилгээ хийгээд “дундаж жингээрээ шаардлага хангахгүй” гэж дүгнэсэн байна. Харин АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн лабораторийнхон есөн үзүүлэлтээр шинжилгээ хийж, “шаардлага хангасан” гэж дүгнэжээ. АШУҮИС-ийнхан тухайн бүтээгдэхүүнийг ямар найрлагатай, ямар элемент, бодисыг хэдий хэмжээгээр агуулж байгааг тодорхойлох зэрэг шинжилгээ хийгээгүй аж.
Мөн “Царамтэнгэр” ХХК-иас “Aurocaine” гэх нэртэй нүдний дусаалга эмийнхээ бүртгэлийг сунгуулахаар уг хоёр лабораторид шинжилгээ хийлгэсэн байна. Эм шинжлэх лабораторийнхон хими, микробиологийн шинжилгээ хийж есөн үзүүлэлтээр дүгнэлт гаргасан бол АШУҮИС-ийнхан долоон үзүүлэлтийг шинжилсэн аж. Ингээд Эм зүйн сургуулийн лабораторийнхон тэнцүүлчихэж. Тэнцүүлэхдээ ямар элемент, бодис агуулагдаж байгааг тодорхойлох шинжилгээг санаатай юу, санамсаргүй юү, буруу хийгээд дүгнэлт гаргасан нь хачирхалтай. Харин ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторийнхон “шаардлага хангаагүй” гэж дүгнэсэн атал стандартын шаардлага зөрчөөд эмийн бүртгэл хариуцсан албан тушаалтнууд тусгай зөвшөөрлийг нь сунгасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн дээжийг ямар бичиг баримтад үндэслэн сунгасан нь хардлага төрүүлнэ. Үүний цаана магадгүй авлига, хээл хахууль ч нуугдаж байж болзошгүй.
Бас хоёр лабораторид хоёуланд нь тэнцэхгүй гэж дүгнэсэн эмийн бүртгэлийг сунгасан тохиолдол ч байна. Дээр дурдсан “Монголфарм” ХХК-ийнхан “Эпехсол” (Epexol) гэх 30 мг-тай шахмал эмийг энд дурдаж буй хоёр лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний дүнд үрэлт гэсэн үзүүлэлтээр шаардлага хангахгүй гэсэн байна. Гэтэл улсын эмийн бүртгэлд хугацааг нь сунгачихсан аж.
Ийм жишээ цөөнгүй байгаа нь Монгол Улсад эмийн чанар алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй хэмжээнд хүрснийг илтгэх мэт.