“МАН-ын генсек Я.Содбаатарыг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцааг дамжуулж эзэмшдэг” гэх мэдээлэл анх 2023 онд гарч байсан. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Орхон аймгийн хэсэг ахмад настан 2023 оны есдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод ирээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон болон төрийн өндөр албан тушаалтнууд 24500 иргэний эрх ашгийг хохироож, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож байна” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байв. Тэр үеэрээ “Бидний “Зэс эрдэнийн хувь” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 20 жилийн хугацаатай гэрээг үндэслэн банкны зээл авч, хөрөнгө оруулагч татан оролцуулж үйлдвэрээ барьсан. “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчит болонгуут иргэдийнхээ халаасанд яагаад гар хүрэх болов. Үүний цаана хэн байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь эхнэрийхээ дүү Р.Отгонбаяраар дамжуулан “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 28 хувийг эзэмшиж байна. Бид энэ хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийг барьж дээрх хувийг эзэмшиж байж болзошгүй хэмээн хардаж байна. Мөн Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн Банкны дэд захирлаар ажиллаж байхдаа "Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ТУЗ-ийн даргад 4.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Хэрэг үүсгээд шалгасан ч хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Эдгээр хүмүүс “Зэс эрдэнийн хувь” ХХК-д хөрөнгө оруулаагүй мөртлөө ямар аргаар компанид хувь эзэмшдэг шалтгааныг тогтоолгохыг хүсэж байна” гэж мэдээлж байсан юм.
Ойрмогхоноос “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Орхон аймгийн 24500 хүнд очих ёстой 70 тэрбум төгрөгийг хулгайлсан асуудал босож ирсэн. Үүнд Барилгын сайд Э.Бат-Амгалангийн дүүг буруутгаж байна. Үүнтэй хамт МАН-ын генсек Я.Содбаатар тус компанийн хувьцааг дамжуулан эзэмшсэн хэвээр байна гэсэн мэдээлэл яригдаад эхэллээ. Гэхдээ Я.Содбаатар, түүний ах Я.Сод-Эрдэнэ нар үүнд хамаагүй. Тэд 2022 онд “Зэс эрдэнийн хувь” компани дахь хувьцаагаа худалдсан бололтой.
“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг 2010 оны зургаадугаар сарын 21-нд нэр бүхий компаниуд, Орхон аймгийн 24500 иргэн хамтран үүсгэн байгуулсан. Одоо тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбаатар ажилладаг.
“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 30 хувийг Орхон аймгийн 24500 иргэн, 70 хувийг “Бльюмон металс” ХХК эзэмшдэг.
“Бльюмон металс” ХХК-ийг “Эрдэнэт коппер корпорэйшн” ХХК, “Би Эй Ти девелопмент партнерс”, ХХК, “Занера амани” ХХК-иуд эзэмшдэг. ТУЗ-ийн дарга нь Г.Галсанням, гүйцэтгэх захирал нь Ц.Сумъяабазар.
Эдгээрээс “Эрдэнэт коппер корпорэйшн” ХХК-ийг Ч.Батболд, “Занера амани” ХХК, “Хөтөл ган туйван” ХХК-иуд эзэмшдэг. Эцсийн өмчлөгч Д.Рагчаахүү. Энэ компанийн 28 хувийг Р.Отгонбаяр эзэмшиж, анхны гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Р.Отгонбаяр нь МАН-ын генсек Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнийн эхнэрийн төрсөн дүү. Тэрээр 2021 оны аравдугаар сарын 1-нд “Эрдэнэт коппер корпорэйшн” ХХК-ийн хувь эзэмшигчдийн жагсаалтаас хасагджээ. Гэхдээ “Эрдэнэт коппер корпорэйшн” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Рагчаахүүгийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн тус компанийн хувийг эзэмшдэг “Занера амани” ХХК гэж байгаа. “Занера амани” ХХК-ийн хувь эзэмшигчдийн нэг нь “Би Ти Ти глобал энержи” ХХК. Тус компанийг “Интерэшиа Энержи Монголиа” ХХК эзэмшинэ. “Би Ти Ти глобал энержи” ХХК болон “Интерэшиа Энержи Монголиа” ХХК-ийн захирал нь Австралийн иргэн Sanchez Cornejo Gonzalo Andres. Нэг үгээр хэлбэл “Занера амани” ХХК-ийн толгой компани нь Сингапурынх. “Интерэшиа Энержи Монголиа” ХХК-ийг Сингапурын Interasia Energy PTE LTD гэж компани эзэмших байдлаар холбогдоно.
Хамаг учир нь, Сингапур толгойтой “Занера анами” ХХК-иас гурав орчим тэрбум төгрөг Я.Содбаатарын ахын хамаарал бүхий хүмүүс рүү шилжсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байгаад юм. Жишээлэх юм бол Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяа руу 2025 онд хоёр тэрбум гаруй төгрөгийг, мөн “Пасипик сэлбэ конкрет” ХХК-ийн захирал, хүү С.Хас-Очир руу нь 400 сая орчим төгрөг шилжүүлсэн тухай яригдаж эхлэв. Хэрвээ энэ бодитой бол хувьцаагаа хэдээр худалдсан нь сонирхол татаж байна.
М.Бат-Эрдэнэ