Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд баасан гарагт төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”-ын тэргүүн, “Улаанбаатар барилга” компанийн ТУЗ-ийн дарга, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Б.Жүгдэр, Гавьяат барилгачин М.Могойтор нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Мөн “Олно” ХХК-ийн техникийн менежер Р.Дамбий, “Мандал шилтгээн” ХХК-ийн зөвлөх инженер Т.Базардар, “Аркон” ХХК-ийн зөвлөх архитектор С.Тулга, ББСМО” ХХКийн зөвлөх архитектор, Ц.Мэндбаяр тэргүүтэй салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 20 гаруй хүнийг Гавьяат барилгачин цолоор мялаажээ.