Одон орон, сансар судлалын шинжлэх ухаанд энэ онд олон сонирхолтой үйл явдал тохиосоор байна. Тухайлбал, NASA-гийн одон орон судлаачдын нэг Нэнси Грэйс Романы нэрэмжит, тэнгэрийг бүхэлд нь зураглах чадвартай сансрын супер дуранг өнгөрсөн сарын 30-нд амжилттай хөөргөв. Энэ нь тус агентлагийн “Hubble”, “James webb”-ийн дараагийн үеийн өргөн хүрээний судалгааг хийх бөгөөд харанхуй энерги, матери, экзопланет болон орчлон ертөнцийн бүтцийг илүү нарийн хэмжихээрээ онцлогтойг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ.
Тэгвэл өөр нэгэн сонирхол татахуйц шинэ биет “James webb”-ийн дуранд саяхан өртжээ. Уг дурангийн ажиглалтаар тэдний анх “жижиг улаан цэг” гэж харсан зүйл нь үнэндээ асар хурдтай өсөж буй хар нүхийг тойрсон халуун хийн бүрхүүл байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. Хэрэв энэ нь батлагдвал орчлон ертөнцийн анхны маш их масстай, аварга том хар нүх (супер-массив)-нүүд хэрхэн бий болсон талаарх шинжлэх ухааны ойлголтыг өөрчлөх аж. NASA-гийнхны “Хар нүхэн од” буюу GLIMPSE-17775 хэмээн нэрийдсэн уг биетийг Массачусетсийн Технологийн институтийн эрдэмтэн, судлаачид шинэ төрлийн астрофизикийн боломжит жишээ гэж үзжээ.
Олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаад буй GLIMPSE-17775 нь эхэндээ “James webb”-ийн өмнө нь илрүүлсэн жирийн л нэг “жижиг улаан цэг”-үүдийн нэг байжээ. Харин судлаачид удаан хугацааны ажиглалтаар эл цэгийн өнөөг хүртэлх хамгийн гүн спектрийг нээж, 40 гаруй шугам илрүүлсэн байна. Тэдгээрийн ихэнх нь бодисыг маш хурдтайгаар өөртөө татаж, түүнийг хүрээлэн халуун, нягт хийн бүрхүүл байгааг урьдчилсан байдлаар тогтоожээ. Ингэснээр том од “үхсэн”-ий дараа хар нүх үүсэж, улмаар агаар мандлыг “сорсоор” супер-массив болдог гэх уламжлалт ойлголтыг эвдэж, эрдэмтэд ч хар нүхийг зузаан хийн бүрхүүл хүрээлж, од шиг харагдуулдаг байж болзошгүйг батлахын тулд ийн оролдож эхлэв.
М.Гэгээ