УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн АНынхан үзжээ. Тус намын удирдлагууд уржигдар хуралдаж, дээрх төсвийн төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн байж болзошгүй гэсэн байна. 2026 оны төсвийн тодотголд зарлагыг нэг их наяд төгрөгөөр нэмсэн, 2027 оны төсвийн төсөвт орлого, зарлагын хэмжээг тус бүр 10 их наядаар өсгөж оруулж ирсэн. Эдгээр нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй хэмээн сөрөг хүчин дүгнэжээ. Мөн дээрх төсөл нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн байж болзошгүй тул үүнийг парламентаар хэлэлцүүлэх нь буруу гэсэн байна. Тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг ч шинэчилж буй зэрэг олон “но” байна гэж тэд үзсэн юм.
Тиймээс хууль зөрчсөн төсөв хүлээн авч, парламентаар хэлэлцэх зөвшөөрөл олгосон УИХ-ын дарга С.Бямбацогтыг тэд Цэцэд өгөх шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцээд эхэлбэл УИХ-ын дарга Цэцээр шүүгдэх нөхцөл үүсэх нь.
С.Уул