Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг танилцууллаа. Өвлийн эхэн буюу арваннэгдүгээр сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдсан байна. Иймд зундаа хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутаг орныхон малын тэжээл нөөцлөх, өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг албаныхан зөвлөжээ. Дээрх сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох гэнэ.
Түүнчлэн арванхоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймаг олон жилийн дунджаас дулаан байх нь. Өмнөговийн нутаг, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр хур тунадас ахиу орох төлөв гарчээ. Харин аравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх аж. Хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Төв аймгийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсэгт олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Ч.Туяа