Хамгийн сүүлд гаргасан статистикаар буюу өнгөрсөн долоодугаар сард манай улсын хэмжээнд инфляц 13 хувьд хүрснийг Монголбанкнаас мэдээлсэн. Энэ нь тус банкны зорилтот түвшнээс бараг 2.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн инфляцыг зургаа дээр нэмэх, хасах хоёр нэгж хувиар хэлбэлзэнэ гэсэн тооцооноос нь даруй таван нэгжээр өссөн дүн юм. Ийнхүү инфляц нэмэгдсээр байх нь тогтмол орлоготой, ялангуяа цалингаас өөр амьжиргааны орлогогүй иргэдийг ядууралд хүргэх бодит шалтгаан болно. Тухайлбал, нэг сая төгрөгийн цалин, эсвэл тэтгэвэртэй иргэн инфляц 13 хувиар өссөн үед сая төгрөгөөр худалдан авах зүйлс нь шууд 1 130 000 төгрөг болно. Худалдан авах бодит чадвар нь 885 000 төгрөгөөс хэтрэхгүй гэсэн үг. Түүнчлэн статистикийн тайланд инфляц 13 хувьтай гэх боловч бодит байдалд өнгөрсөн оны 7-8 дугаар сарынхтай харьцуулахад өргөн хэрэглээний бараа, шатахуун зэргийн үнэ 20-30 хувиар өссөн.
Энэ талаар Баянгол дүүргийн иргэн, хөдөлмөрийн эдийн засгийн ухааны доктор Ц.Сугаррагчаа “Тогтмол цалин, тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдийн амьжиргаа үнийн өсөлтөөс шалтгаалж өдөр ирэх тусам доройтсоор байна. Энэ нь бага орлоготой өрхүүдэд улам хүнд тусаж, ядуу айлуудын тоог нэмж буй хэрэг. Нөгөөтээгүүр, манай улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөж, экспортын хэмжээ ч жил ирэх бүр нэмэгдсээр 2020 он буюу таван жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн дүн байна. 2006 онд бид таван тэрбум “ногоон” хүрэхгүй (4.9 тэрбум) бүтээгдэхүүн экспортолдог байсан бол сүүлийн 10 жилд эл дүн гурав дахин нэмэгдсэн. Уг нь эдийн засаг өсөлт тогтвортой байж, экспортын орлого сайжрахын хэрээр иргэдийн амьжиргаа дээшлэх, чанаржих учиртай биш үү. Мөн нэг жилд ашиглалтад оруулж буй барилгын тоо олширч, Улаанбаатарын энд, тэндгүй бүтээн байгуулалт өрнөж буй. Гэтэл орон сууцын ам метрийн үнэ, түрээсийн төлбөр, цахилгаан болон дулааны зардал гээд иргэдийн суурь хэрэгцээний өртөг жилээр бус, сараар хэмжигдэн нэмэгдсээр байгаа юм. Үүнд төрийн зардал тогтмол өсдөг, үр ашиггүй зүйлсэд хөрөнгө оруулдаг нь шууд нөлөөлдөг гэж би хэлнэ. Бид буй болгож, бэлтгэн нийлүүлж буй баялгаа цөөн салбарт төвлөрүүлж, борлуулалтын орлого нь илүү олон хүнийг тогтвортой, өндөр орлоготой болгох механизм бүрдүүлж чадахгүй байгаа хэрэг. Товчхондоо, манай улсын олж буй хөрөнгө хангалттай, харин зарцуулах хэлбэр, өгөөж муу байна гэсэн үг. Үүнийг олон жил ярьж буй ч дорвитой арга хэмжээ авахгүй юм” хэмээв.
Дээр дурдсанчлан манай улс 2016 онд буюу 10 жилийн өмнө таван тэрбум ам.доллар хүрэхгүй бүтээгдэхүүн экспортолж байжээ. Тэгвэл сүүлийн 10 жилд эл дүн гурав дахин нэмэгдэж, гадаад худалдааны бараа эргэлт гэхэд энэ жилийн эхний найман сарын байдлаар 20 тэрбум “ногоон”-д дөхсөн аж. Үүнтэй холбоотойгоор нүүрсний компаниудын борлуулалтын орлого ч дээшилж, орон нутгийн болон хувийн өмчит “Тавантолгой” компани гэхэд 2026 оны хоёрдугаар улиралд 1.4 орчим их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь 2025 оны мөн үеийнхээс борлуулалт нь долоо дахин өссөн дүн аж. Түүнчлэн цэвэр ашиг нь өнгөрсөн улиралд 488 тэрбум төгрөгөөс давсан нь 2025 оны мөн үеийнхээс 7-8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тэгвэл төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Орон нутгийн болон төрийн өмчит хоёрхон компанийн мэдээллээс л манай экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний борлуулалтаас их хэмжээний орлого олж байгаа нь харагдана. Харин нөгөө талд нийт иргэдэд эл хөрөнгө хүртээлгүй, амьжиргааны түвшин, худалдан авах бодит чадвар улам бүр муудаж буй дүр зураг үргэлжилсээр. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн, МУИС-ийн багш Ч.Оюунчимэг “Манай улсын эдийн засгийн статистик, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, банкнуудын ашигт ажиллагаа зэрэг нь эерэг үзүүлэлттэй харагддаг. Барилгын эдийн засгийн нөхцөл ч эерэг байж 2025 онд уг салбарын бүтээмж 16 орчим хувиар өссөн. Гэтэл ипотекийн зээл авах хүсэлтэй иргэд 2-3 жил дугаарлаж, хямд зээлийн эх үүсвэр огт олдохоо байсан. Нэмээд бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт дийлдэхээ байлаа. Энэ нь манай оронд ашигт малтмалын борлуулалтын хөрөнгийг захиран зарцуулдаг далд эдийн засаг бий болсныг илтгэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, нүүрс, зэсийн борлуулалтаас олсон орлогыг барилга болгон “шингээдэг”, эргүүлж дамлан борлуулдаг сүлжээ үүссэн гэхэд болно. Үүнээс шалтгаалж иргэдийн амьжиргааны түвшин, орлогын ялгаа улам бүр гүнзгийрлээ. Улмаар боловсролын түвшин, эрүүл мэндийн нөхцөлийн ялгаа ч гаарч, хоёр туйлт эдийн засаг, нийгмийн ялгаатай анги давхарга тогтон бий боллоо. Үүнийг засаж сайжруулахад одооноос, өнөө, маргаашгүй л анхаарч эхлэхгүй бол хоёр туйлын хоорондын зай улам өргөжин, ямар хор уршигт хүрч болохыг таашгүй. Яривал их зүйл байна” гэлээ.
Тэгвэл эдийн засагч О.Лут-Очир “Япон, АНУ, БНХАУ зэрэг улсад моргэйжээр орон сууц худалдан авахад жилийн хүү нь 1-3 хувь. Мөн тэдгээр улсын Төвбанкууд инфляц болон бодлогын хүүг бага байлгах эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлж, иргэдийнхээ хөрөнгийг хамгаалдаг. Манай орны хувьд үүний яг эсрэг. Хэрэв банканд жилийн 12-13 хувийн хүүтэй 10 сая төгрөгийн хадгаламжтай гэвэл инфляц 13 хувьд хүрснээр тухайн хөрөнгө ямар ч өгөөжгүй болчхож байгаа юм. Банкны хадгаламжийн хүүгээс бизнесийн зээлийнх нь үргэлж өндөр байж ирснээр бүтээн байгуулалтын зардал өсөн, нэг ам метр байрны үнэ ч гаарчихдаг. Уг нь эдийн засаг дахь мөнгийг зөв удирдаж, ядаж л түүхий эдийн экспортын орлогоос нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэл бий болгосноор хүн бүрд ногдох цалингийн хэмжээ бодитоор өснө. Цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг бүтээн буй болгож буй баялагтаа тулгуурлан нэмэгдүүлснээр инфляц нам түвшинд байх боломжтой. Товчхондоо, түүхий нүүрс зарж хэдэн ч ам.доллар олоод бүтээмж бий болгохгүй бол ядуурал буурахгүй, худалдан авах чадвар өсөхгүй. Бид олсон хөрөнгөөрөө зөрүүлж авто машин, шатахуун, цахилгаан худалдаж аваад, барилгын материал болгон, байшин барьсаар л дуусгана. Эдийн засгийн реформ, үсрэнгүй үйлдвэржилт л хэрэгтэй. Ядаж томоохон ганц үйлдвэртэй болж байж экспортын орлогыг өгөөжтэй, иргэдэд хүртээлтэй байлгах боломж бүрдэнэ” гэсэн юм.
Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад татварын нийт орлого сүүлийн 10 жилд жил бүр 7-10 хувиар өссөн байна. Мөн дээр дурдсанчлан экспортын орлого 10 жилд гурав дахин нэмэгджээ. Мэдээж тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зардал өсөн, нэг өрхийн нэрлэсэн дундаж орлого өнгөрсөн наймдугаар сард 2.7 сая төгрөгт хүрч нэмэгдсэн байгаа юм. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар муу, орлогоосоо давсан зарлагатай, зээлийн хүү болон инфляцад “идүүлсэн” дүр төрхтэй амьдарсаар. Түүнчлэн Засгийн газар бүтээмжээ өсгөх бодлого баримталж, тэр чиглэлд ажил хийдэггүй. Төсвийн орлогыг баялгийн борлуулалт, эсвэл татвар, хураамжаар л төвлөрүүлж, өсгөж ирсэн хэвээр. Энэ талаар олон жил ярьж, амьжиргааны түвшний бодит ахиц бий болгохыг эдийн засагчид, иргэд шаардсаар байгаа ч үр дүн алга.
С.Дулам