Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай нийтийн өргөдөлд өчигдрийн байдлаар 4100 гаруй иргэн гарын үсэг зурж нэгджээ. Иргэн Н.Шинэцэцэгийн санаачилсан уг өргөдлийг “D-Parliament” системд байршуулсан бөгөөд 100 мянган иргэний дэмжлэг авбал эл асуудлыг хууль санаачлах хэмжээнд холбогдох журмын дагуу УИХ-аар хэлэлцэх юм. Тэрбээр өргөдөлдөө “Би ганцаараа бүлэг хүчингийн хэргийн хохирогч биш. Над шиг маш олон хүн байдгийг энэ оны нэгдүгээр сараас хойш харлаа. Нийгмийн сөрөг хандлага, хохирсны дараах гүн шокоос болоод тусламж авч чадалгүй, насаараа чимээгүй тарчилж өнгөрүүлдэг хүн цөөнгүй бий. Хэрэв нотолж чадаж л байвал хугацаа үл хамааран ийм хүнд гэмт хэрэгтнүүдэд хуулийн дагуу ял үүрүүлдэг тогтолцоонд бид шилжих шаардлагатай. Би 15 жилийн хугацаанд секунд бүрийг тэсэж, арай гэж амьсгалж өдийг хүрсэн. Дахин хөөн хэлэлцэх хугацааны хохирогч болмооргүй байна. Иймд айж ичиж нуугддаг, хэрэг нь дарагдаж, хохирогч нь нэмж дэвслүүлдэг байдлыг цэглэх бодит алхам хамтдаа хийцгээе. Эл асуудалд анхаарал хандуулж, гарын үсгээ зурж, хууль тогтоогчдод хүргэцгээе” хэмээжээ.
Э.Сүйлэн