-Цэцэрлэгийн 100 хүүхдийн 70 орчим хувь нь хэл ярианы асуудалтай байна-
“Би нэгдүгээр ангийг таван удаа дааж авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн бага анги төгсгөсөн бөгөөд одоо хоёрдугаар ангитай. Нэгдүгээр ангид элсэж буй хүүхдүүдийн сурах чадвар сул байгаа нь жилээс жилд илэрхий мэдэгдэх болсон. Зургаан настнуудын хэл ярианы хөгжил, ойлгох, тогтоох, анхаарал төвлөрүүлэх чадвар үнэхээр муу байна. Уншаад ойлгох, тогтоох чадвар сул байгаад дэлгэцийн хэт их хэрэглээнээс гадна гэр бүлийн орчин нөлөөлдөг нь ажиглагдсан. Тухайлбал, хоёр жил үсэг заагаад сурахгүй, уншиж өгөөд утгыг нь асуухаар тайлбарлаж ярьж чадахгүй, эсвэл заасан зүйлээ маргааш нь асуухаар мартчихсан байдаг. Яагаад ийм байна гээд учир шалтгааныг ухаад үзэхээр гэр бүл нь асуудалтай. Эцэг, эхийн харилцаа, сэтгэл зүй, үл хайхрах байдал, гэр бүл салалт зэрэг нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг бууруулж байх шиг. Хэлээ зажилж ярьдаг, үгээ тод хэлдэггүй хүүхдүүдийг аав, ээж нь эрхлүүлээд ийм болголоо гэдэг ойлголт нийгэмд түгээмэл. Гэтэл бодит байдалд зурагт их үздэг, ухаалаг утас, дэлгэцийн хэрэглээ асар өндөр байгаа нь хүүхэд оройтож хэлд орох, ярих, өөрийгөө илэрхийлэх чадварт сөргөөр нөлөөлдөг.
Гэр бүлийн орчинд хүүхэдтэйгээ харилцан ярилцдаггүй, тус тусдаа дэлгэц ширтээд, амьд харилцаа үүсгэхгүй байгаа нь хамгийн их хор уршигтай. Иймд хүүхдийн сурах үйл явцад эцэг, эхийн оролцоог нэмэх, үүрэгжүүлэх шаардлагатай” хэмээн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн бага ангийн багш П.Отгонцэцэг ярив.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн бага боловсролын менежер Х.Дэлгэржаргал “Сүүлийн жилүүдэд хүүхдийн хэл ярианы хөгжилд онцгой анхаарал хандуулах шаардлага нэмэгдэж байна. Ялангуяа үгийн баялаг дутмаг, бодлоо бүрэн илэрхийлэх чадвар сул, уншиж ойлгох болон бусадтай харилцах чадвар хоцрогдох тохиолдол ихээхэн ажиглагддаг. Үүнд гар утас, цахим хэрэглээ, гэр бүлийн харилцаа багассан зэрэг нөлөөлж байна. Энэ байдал “Ковид-19” цар тахлын дараагаас илүүтэй мэдрэгдэх болсон. Цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа цалгардсан ч үүнд нөлөөтэй. Мөн хүмүүс гэрээсээ гарахгүй цахимаар ажлаа амжуулж байсан нь бүх насныхныг дэлгэцээс хамааралтай болгосон. Хэдийгээр анги ахих тусам хүүхдийн үгийн баялаг нэмэгддэг ч эх зохиож чадахгүй, уншаад ойлгосноо ярьж мэдэхгүй хүүхдүүд байсаар. Өөрөөр хэлбэл, хүүхэд, багш, эцэг, эх гурвалсан холбоогоор ажилласан тохиолдолд л тухайн сурагчийн хэл ярианы чадвар сайжирдаг. Эцэг, эх нь анхаарахгүй бол улам л сурлагын хоцрогдолд ордог. Би боловсролын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ихэнхэд нь багшилсан. Манай сургуулийн тухайд бага ангийнхан дунд эцэг, эхийн бүтээлч уншлага хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Энэ нь сурагчдын ярих чадварт ахиц гаргаж байгаа” гэв. Бага ангийн багш нарын төлөөлөл ийн ярив.
Монгол хүүхдүүд эх хэлээрээ уран сайхан ярих нь бүү хэл, үгийн утга, уншсан зүйлээ ч илэрхийлж чадахгүй байна гэдэг эмгэнэл биш гэж үү. Уншаад ойлгох, ойлгосон зүйлээ бичих чадвар тааруу байгааг PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр хэдийн тогтоочихсон. Тодруулбал, Монгол Улс 2022 онд анх удаа эл үнэлгээнд 15 настай 7000 гаруй сурагчийг хамруулсан бөгөөд 81 орноос унших чадвараар 65 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэ нь шалгалт өгсөн математик, байгалийн ухааны хичээлээсээ ч хойгуур үнэлэгдсэн үр дүн юм. PISA нь сурагчид суурь боловсрол эзэмших хүртэлх хугацаанд боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж буйг үнэлдэг үнэлгээ. Гэтэл манай сурагчид ийм тааруу үнэлэгдсэн нь бага, дунд цаашлаад цэцэрлэгээс олж авах мэдлэгээ бүрэн эзэмшээгүй, үүнийгээ ашиглаж чадахгүй байгаагийн илрэл юм. Үүнийг боловсролын байгууллагынхан хэлсээр, ярьсаар л байгаа. Гэвч хэрхэн засаж сайжруулах, мэдлэгээ ашиглаж сурах, тэр дундаа монгол хэлээрээ үг, үсэг, найруулга зүйн алдаагүй бичих, эх хэл дээрээ бичсэн зүйлийг уншаад ойлгодог, утга санааг нь задалж, ярьж чаддаг хэмжээнд хүргэхэд бодлогоор яаж дэмжих вэ гэдэг асуудал орхигдсон хэвээр. Ямар сайндаа монгол хэл бичгийн шалгалтад ирсэн өгүүллэгийн цаад утгыг ухаж ойлгохгүй, нийтээрээ хэлэлцэж байх вэ дээ.
ХЭЛ ЗАСАЛЧ АЖИЛЛУУЛАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭВ
Саяхан Боловсролын сайд Л.Энх-Амгалан нэг цэцэрлэгийн 100 хүүхдийн 70 орчим хувь нь хэл ярианы асуудалтай байна. Цэцэрлэгүүдэд хэл засалч ажиллуулах шаардлагатай хэмээн толгой сэгсрэн, итгэж ядсан байдалтай ярьсан. Мөн тэрбээр “Сургуульд суурилсан эрт илрүүлгийг нэг, тав, ес, 12 дугаар ангид хийнэ. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хэл ярианы хөгжил маш муу байна гэж судалгаагаар гарлаа. Ийм насны хүүхдүүд ярианы хэлэндээ 3500 орчим үг ашиглаж сурсан байх ёстойг багш нар хэлж буй. Гэтэл үгийн сан нь ердөө л 1000 орчим. Монгол хүүхдүүд эх хэлээрээ зөв ярьж чадахгүй, ярьснаа ухахгүй, уншаад ойлгох чадваргүй байна. Англиас илүү эх хэлний боловсролд анхаарах цаг болжээ. Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэнд, биеийн тамирын хичээлээс гадна үдийн хоол, сургуульд суурилсан эрт илрүүлгийг хамтад нь хэрэгжүүлж байж эрүүл монгол хүүхдийг бий болгоно” гэсэн юм. Сайдын хэлсэн шиг хэл ярианы хоцрогдол үнэхээр тулгамдсан асуудал болсон уу. Бидний эргэн тойронд хэл ярианы асуудалтай, оройтож хэлд орсон, эсвэл уншсан зүйлээ ойлгодоггүй, илэрхийлж чаддаггүй хүн бий юү гээд бодоод үзэхэд л хариулт нь тодорхой мэт.
Хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүд борооны дараах мөөг шиг л олширч байгааг мэргэжилтнүүд ч сануулах болов. Эцэстээ энэ нь хэтийдсэн цахим хэрэглээнээс илүүтэй эцэг, эхийн хайхрамжгүй байдал, хариуцлагатай холбоотой гэнэ. Энэ талаар хэл засалч Б.Болормаагаас тодруулсан юм. Тэрбээр “Хүүхдийн хэл ярианы хөгжил эхийн хэвлийд байхаас нь эхэлдэг. Гурван сартайгаас тархины хөгжил нь явагддаг учраас үүнийг дагаад сонсох рефлекс нь сайжирдаг. Ээжийнхээ дуу хоолойг таньдаг болно. Жирэмсэн байхдаа хүүхэдтэйгээ сайн яриарай гэдэг нь хүүхдийн сонсголын хөгжилд эергээр нөлөөлдөг. 2-3 сартайдаа ганганаж, гунганаж, авиа гаргадаг бол найман сартайгаас нэг ой хүрэхдээ үе, үүний дараа “аав аа, ээж ээ” гэх мэтээр богино үг хэлж чаддаг болдог. Дараа нь холбоо үг, бүтэн өгүүлбэрээр ярьж эхэлнэ.
Ерөнхийдөө хоёр нас хүрэхэд өөрийгөө бүтэн өгүүлбэрээр илэрхийлэх чадвартай болсон байдаг. Гэтэл хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт орохдоо үг хэлэхгүй байх тохиолдол түгээмэл болжээ. Тэр бүү хэл, дөрөв, таван настай хэрнээ ярьж чадахгүй байна. Үүнд нөлөөлж буй хэд хэдэн шалтгаан бий. Эцэг, эхчүүд хүүхдээ ер бие даалгаж сургадаггүй. Тухайлбал, аяга, таваг, ор, хөнжлөө хураах гэх мэт гэрийн ажил хийлгэдэггүй, бүтэн өгүүлбэрээр биш, авиа гаргах төдийд л хүссэн зүйлийг нь аваад өгчихдөг. Орчин үед хэл ярианы хоцрогдолд хүргэж буй томоохон хүчин зүйл нь дэлгэцийн хамаарал гэдгийг хүн бүхэн мэддэг болсон. Хор уршгийг нь мэддэг хэрнээ хязгаарладаггүй. Хүүхдээ чимээгүй байлгах гээд бүгд гар утсаа өгчихдөг. Томчууд ч ялгаагүй өөрсдөө дэлгэцэд донтсон. Орчин тойронд нь амьд харилцаа байхгүйгээс аливаа юмыг зааж, нэрлэж, хүссэн зүйлээ хэлж, ойлгуулж чадахгүй, хэт дураар нь өсгөснөөс насандаа байх ёстой чадвар, чадамжаа ч эзэмшиж чадахгүйд хүрээд байна. Хэл ярианы бэрхшээлийн улмаас танин мэдэхүйн хоцрогдол үүсдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд хэлд орж (үгээр илэрхийлж, харилцах) чадахгүй байх нь зөвхөн ярианы бус, бусад хөгжилд ч нөлөөлдөг. Хэл яриагаар дамжин хүүхэд аливааг ойлгож, дүгнэлт хийдэг. Өөрийгөө илэрхийлж чадахгүйгээс бухимдах, уурлах, ганцаардах мэдрэмжтэй болдог, найз нөхөдтэйгөө харилцахад бэрхшээл учир, нийгэмшихдээ удаан. Мөн сургуульд орсны дараа унших, бичих, ойлгох чадвар сул байх нь элбэг. Үүний улмаас анги, хамт олноосоо хоцрох, сурах идэвхгүй болдог. Сэтгэл хөдлөл, хэрэгцээгээ зөв илэрхийлж чадахгүйгээс түрэмгий, эсвэл дуугаа хурааж, өсвөр үе, нас биед хүрсэн хойноо ч өөртөө итгэх итгэл сул, нийгмийн харилцаанаас зайлсхийх зэрэг сөрөг үр дагавартай. Тиймээс хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хязгаарлах, хоёр нас хүртэл нь огт хэрэглүүлэхгүй, гэр бүлийнхэнтэйгээ цаг гаргаж ярилцдаг байх нь чухал. Эцэг, эхчүүд ихэнхдээ хүүхдээ багшид нь найдаад үлдээчихдэг. “Гэрт нь дуу, шүлгийг нь цээжлүүлээрэй, давтаарай” гэхээр “завгүй” гээд хүүхэдтэйгээ ажиллах цаг гаргадаггүй. Өдөрт ядаж нэг цаг зарцуулах хэрэгтэй. Эцэг, эхийн үүрэг, хариуцлага, хараа хяналт сул болсон нь хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлж байна” гэв.
Мөн тэрбээр цэцэрлэгүүдэд хэл засалч ажиллуулна гэснийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч ийм тооны хэл засалч байхгүйг салбарын яамныхан бодолцох хэрэгтэйг сануулсан. Мэргэжилтэн бэлдэхийг хүлээх бус, байгаа хэл засалчдаа дайчилж, нэг мэргэжилтэн 10 цэцэрлэг хариуцаж, сургалт явуулах зэргээр ядаж эхний ээлжид багш нартаа ойлголт, мэдээлэл түгээх нь чухлыг онцолсон юм. Нөгөө талаас цэцэрлэг бүр хэл засалчтай болчихвол эцэг, эхчүүдийн хариуцлага улам суларч, хэл засалч хүүхдийг нь хэлд оруулах үүрэгтэй мэтээр хандаж мэдэхийг ч анхааруулав. Угтаа бол хүүхэд нь сонсгол, хэл яриа, сэтгэцийн зэрэг ямар нэгэн хөгжлийн бэрхшээлгүй л бол нас насандаа тохирсон ур чадвар эзэмшүүлэх нь эцэг, эхчүүдийн үүрэг. “Хүүхэд чинь таван нас хүрчхээд холбоо үг хэлэхгүй, хувцсаа өмсөж чадахгүй байна, энэ нь таны буруу” гээд хэлчихээр аав, ээжүүд хүлээн зөвшөөрдөггүй. Эцэст нь хүүхэд хохирдог” гэлээ.
ЭЦЭГ, ЭХИЙН ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 1399 цэцэрлэгт 9182 бүлгийн 258 849 хүүхэд суралцаж буй. Цэцэрлэг бүрд ядаж нэг хэл засалч шаардлагатай гэвэл дээрх тооны мэргэжилтэн хэрэгтэй. Гэтэл манай улс энэ жилээс л АШУҮИС-д хэл засалч бэлдэж буй. Тэд төгсөөд ч боловсон хүчний хомсдолыг нөхөж чадахгүй. Үүний зэрэгцээ цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцоллоо. Хэл ярианы бэрхшээл, аутизмын хүрээний эмгэг, даунтай хүүхдүүд нэмэгдсэн өнөө цагт онцлогт нь тохируулан хөгжүүлэхэд үндсэн болон туслах хоёр багшаас гадна цагийн болон дэмжлэгийн багш зайлшгүй шаардлагатайг боловсролын салбарынхан хэлж буй. Хамгийн чухал нь эцэг, эхийн оролцоог дээшлүүлж байж л энэ асуудлыг шийдэж чадна гэдэгтэй олон хүн санал нэгдсэн. Завгүй гэх үгээр халхавчилж, хүүхдээ үл хайхрах, гэртээ байсан ч харилцан ярилцахгүй, утас өгөөд суулгачихдаг байдлаа засахгүй бол хэл ярианы хоцрогдол арилахгүй, хэчнээн сайн багш, сургалт байлаа гээд бага ангидаа сурахуйн бэрхшээлтэй хүүхдийн асуудал анги ахих тусам томрохыг багш нар учирлав. Үүнд нийтээрээ анхаарал хандуулж, бодлогын түвшинд ч өөрчлөлт хийх шаардлагатай болжээ.
Дэлхий нийтээрээ техник технологи, цахим хөгжил, хиймэл оюун хүч түрсэн цагт амьдарч буй ч олон улс бага насны хүүхдүүдээ үүнээс хамгаалах арга хэрэгжүүлж, үр дүнд хүрч буй. Тухайлбал, дэлхийн олон улс хүүхдийг гар утас, сошиал медиа, дэлгэцийн хэт хэрэглээнээс хамгаалахын тулд сургууль дээр утас хориглох, насны хязгаар тогтоох, эцэг, эхийн хяналтын систем бүрдүүлэх зэргээр ажиллаж байна. Энэ оны байдлаар дэлхийн боловсролын байгууллагын 58 хувь нь сургуульд гар утасны хязгаарлах, эсвэл хориг тавьжээ. Гэтэл манай улс хүүхдүүдийнхээ гар утасны хэрэглээг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй мунгинаж суусаар атал эх хэлээрээ ярьж, уншиж, ойлгож чадахгүй бүхэл бүтэн үе “мэндэлж” буй нь харамсалтай.