“Бодь интернейшнл” ХХК-ийн барьсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг 2019 оны 10 сарын 29-нд, нүүрс нийлүүлэх гэрээг 2019 оны 11 сарын 13-нд байгуулжээ. Эдгээр гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэйшнл” ХХК-ийн захирал А.Амундра нар гарын үсэг зурсан. Түүний дараа бүтээн байгуулалтын гэрээнд нэг, нүүрс нийлүүлэх гэрээнд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Төслийн нийт өртгөөс 110 сая долларыг гэрээ байгуулахаас өмнө 2019 оны 10 сарын 11-нд 53.8 сая доллар, 2019 оны 10 сарын 23-нд 56.1 сая долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тавантолгой төмөр зам” ХХК руу шилжүүлжээ. Тус компаниас “Бодь интернейшнл” ХХК руу шилжиж, уг мөнгө авлига хэлбэрээр улстөрчдөд тарсан гэх дуулиан үүсээд байна.
Анхнаасаа энэ гэрээ ямар учиртай байгуулагдсан, 110 сая доллар хэзээ яаж шилжсэн талаар 2022 оны 12 сарын 21-нд болсон Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын БЭТ Ж.Ганбат: Тавантолгой, Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийн гэрээ 2019 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан анхны ТЭЗҮ дэх нийт өртөг нь 1 тэрбум 68.6 сая доллар. Энэ дүн дотор Монголын төмөр замын хийж гүйцэтсэн ажлын төсөв дотор 276.4 сая доллар бол 1 тэрбум 68.6 сая ам.доллар орж ингэж тооцогдсон. Мөн урьдчилгаа төлбөрийг бэлнээр Тавантолгой төмөр замаар дамжуулаад шилжүүлсэн 110 сая ам.доллар байгаа. Энэ бол 2019 оны 10 сарын 11, 23-ны өдөр 110 сая долларыг Тавантолгой төмөр замаар дамжуулан олгосон ийм дүнтэй байгаа. Мөн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр энэ гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ гэрээнд өөрчлөлт оруулахдаа ТЭЗҮ-г нь тодотгосон. Тодотгоод 1 тэрбум 282 сая ам.доллар болгож тодотгосон. Тэгээд бусад мэдээллүүд нь бол ингээд байна. Тавантолгой, Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийн гэрээнээс нүүрсний санхүүжих дүнгийн 895.6 сая ам.доллароос 478.1 сая ам.долларын төлбөрийг нүүрсээр барагдуулсан. Энэ санхүүжилтийн гэрээг нүүрсээр төлбөрүүд нь хийгдээд өнөөдрийг хүртэл явж байгаа. Энэ гэрээн дээр хэд хэдэн заалтууд бол оруулсан. Гүйцэтгэгчийн төслийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжих бөгөөд хөрөнгө босготой холбосон санхүүгийн болон бусад зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс нийлүүлэх гэрээний дагуу нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө гэдэг заалт оруулж өгсөн. Мөн хэрэв гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед ханшийн зөрүү үүсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар хохиролгүй болгоно оо гээд энэ заалтын дагуу урьдчилгаа төлбөрийн зүгээс үүссэн ханшийн зөрүүний алдагдал 1 сая 248.9 ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөхөөр болсон. Бид нар 110 сая долларыг төлснийг хэлсэн. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ашиглалтад орсноос 60 хоногийн дотор “Тавантолгой төмөр зам” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэд нийлүүлэх нүүрсийг тэргүүн ээлжид тээвэрлэх гэрээг гүйцэтгэгчтэй байгуулна гэдэг ийм нөхцөлүүдийг оруулсан гэрээг байгуулсан гэж тайлбар хийжээ. Мөн УИХ-ын 2023 оны намрын чуулганы Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 10 сарын 10-ны хуралдаан дээр Засгийн газрын БЭТ Ж.Ганбат: Оффтейк гэрээтэй холбоотойгоор төмөр замын төслүүд байгаа. Энэ төслүүд бол тухайн үед ҮАБЗ, УИХ, Засгийн газрын шийдвэртэй энэ гэрээнүүд байгуулагдчихсан юм байна лээ. Хэт нэг талд давуу байдал үүсгэсэн гэрээнүүд байгаа. Энэ гэрээг цуцлах юм бол 20 хувийн торгуульд орно гэсэн заалттай. Нэгэнт гэрээ бол гэрээ. Бид 20 хувийн торгуультай, тухайн үедээ гэрээний нэг тал болох хувийн хэвшлийнхэн өөрсдөө ашигтай байдлаар давуу байдал үүсгээд л гэрээ хийчихсэн. Би онцгой дэглэм тогтоосны дараа очоод энэ оффтейк гэрээнүүдийг өөрчилье гэдэг асуудлыг удаа дараа тавьсан. Ам нөхцөлтэй гэрээг чинь хил нөхцөл рүү шилжүүлье, энэ дээр хэлэлцээрт оръё гэдгийг удаа дараа “Бодь групп”-д тавьсан. Энэ дээр бол нөхдүүд: Нэгэнт байгуулагдчихсан гэрээ. Бид бол үйл ажиллагаа ажлаа хийгээд ер нь дуусах шатдаа орчихсон ийм юм явж байхад энэ асуудлыг хэрвээ ингэж босгож тавих байсан юм бол бид гэрээг хийх байсан уу, үгүй юү гэдэг. Хэд хэдэн санал тавиад хэлэлцээрт орсон. Зарим дээр нь 90 хувийг нүүрсээр гэдгийг 70 хувь нүүрсээр гэдэг байдлаар хэлэлцээрийн үр дүн гарсан гэж гишүүдэд мэдээлж байжээ.
М.Бат-Эрдэнэ