Японы Төвбанк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 1.25-д хүргэх шийдвэр гаргажээ. Энэ нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр түвшин болж байна. Тус банкны Мөнгөний бодлогын зөвлөл хоёр өдөр хуралдсаны эцэст ийнхүү бодлогын хүүг нэмэхээр шийдвэрлэсэн аж. Бараа, үйлчилгээний үнэ огцом өсөх эрсдэлийг бууруулахын тулд шаардлагатай арга хэмжээ авахад бэлэн гэдгээ Төвбанк өмнө нь мэдэгдэж байсан. Тиймээс шинжээчид, ажиглагчид энэ удаагийн шийдвэрийг урьдчилан таамаглаж байв.
Төв банкны Ерөнхийлөгч Казүо Үэда энэ үеэр Японы инфляц зорилтот хоёр хувийн түвшинд ойртсон тул үнийн өсөлт хэт эрчимжихээс сэргийлэхэд гол анхаарлаа хандуулж байгааг онцоллоо. Мөн Ойрх Дорнодын сөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд эрчим хүч, түүхий эдийн үнэ өссөн нь инфляцад нөлөөлж буйг дурдав. Үүний зэрэгцээ АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор ам.долларын эсрэг иений ханш суларсан нь Японы мөнгөний бодлогыг илүү хурдан чангатгахад хүндрэл учруулж байжээ. Мөнгөний бодлогыг чангаруулж, бодлогын хүүг өсгөх нь эдийн засагт эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг. Бодлогын хүү нэмэгдсэнээр зээлийн өртөг өсөж, эрэлт хумигдан, бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг сааруулах боломжтой. Мөн үндэсний валют болох иений ханш чангарвал импортын түүхий эд, шатахууны үнийн дарамт буурах давуу талтай. Түүнчлэн арилжааны банканд мөнгөө хадгалуулсан иргэд, байгууллагуудын хүүгийн орлого нэмэгдэнэ. Нөгөөтээгүүр ипотекийн болон бизнесийн зээлийн хүү өсөж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн ачаалал нэмэгдэх эрсдэлтэй аж. Улмаар зээл, хөрөнгө оруулалтын идэвх суларч, иргэдийн хэрэглээ хумигдан, эдийн засгийн өсөлт удаашрах сөрөг талтай гэнэ.
У.Цэцэг