Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний ерөнхий санал, шүүмжлэлд оролцоно. Ерөнхий санал, шүүмжлэл маргааш эхэлж, энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм. Үүнд НҮБ-ын гишүүн 193 орны төр, засгийн тэргүүн нарын 130 гаруй төлөөлөгч оролцож, индэрт үг хэлнэ.
Энэ жилийн чуулган болон ерөнхий санал, шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй НҮБ-ыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулах юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 81 дүгээр чуулганы Ерөнхий санал, шүүмжлэлд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байна. Мөн АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотод уулзана.
Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.
С.Уул