Хотын дарга Б.Пүрэвдагва томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өчигдөр ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд томууны дархлаажуулалт 54.2 хувьтай байгаа аж. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Вакцинжуулалтын үр дүнд өвчлөл 20, хэвтэн эмчлүүлэгсэд 30 хувиар буурах боломжтой гэсэн тооцоолол гаргасан. Мөн нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн эрүүл мэндийн 12 байгууллагад хүүхдийн тусламжийн 772 ор дэлгээд байна. Томууны дэгдэлтээс хамаарч үүнийг 1607 болгон нэмэхээр төлөвлөсөн” гэв.
Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн “Манайх хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг болсноос хойш 2672 өвчтөн хянаж байна. Хөнгөвчлөх эмчилгээний 10 ор хүрэлцдэггүй. Мөн хүчилтөрөгчийн үйлдвэр барих хүрээнд төвийн хашаан доторх трансформаторын дэд станцыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Дүүргийн эмнэлгийн хяналтад байдаг бөөрний архаг дутагдалтай 52 өвчтөн диализын дөрвөн аппаратад ээлжлэн ордог ч ачааллаа дийлдэггүй” гэсэн бол үүний хариуд хотын дарга “Эрүүл мэндийн төвд тулгамдаж буй эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хөнгөвчлөх тасгийг өргөтгөх, хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Бид энэ өвөл эх, хүүхдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл, боломжоор хангахаар төрөлжсөн эмнэлгүүдийг бий болгон ажиллаж байна” хэмээв.
О.Оргилох