Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос жуулчдын статистик мэдээллийг илт зөрүүтэй мэдээлэв. Энэ он гарснаас хойших эхний найман сард манай улсад 705 мянган жуулчин ирсэн гэж салбарын яамныхан танилцууллаа. Харин Аялал жуулч лалын мэргэжлийн холбооныхон эл хугацаанд 735 орчим мянган аялагч Монголын хилээр нэвтэрсэн хэмээн тайлагнав. Үүнээс үүдээд утаагүй үйлдвэрлэлийн салбартай холбоотой статистик, тоон үзүүлэлтүүдийг нэгдсэн байдлаар үнэн бодитой гаргах, энэ чиглэлийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах шаардлага тулгарч буйг судлаач, мэргэжилтнүүд хөндөж байна.
Салбарын бодлого тодорхойлогч төрийн захиргааны төв байгууллагынхан болон аялал жуулчлал эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлдөг хамгийн том холбооныхон ижил хугацаан дахь статистикийг илт зөрүүтэй мэдээлсэн нь уг салбар яагаад хөгждөггүйн бас нэгэн шалтгаан гэдгийг ч зарим судлаач хэллээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагынхан бодлого, шийдвэр гаргахад гол үндэслэл болдог тайлан судалгаа, тоон үзүүлэлтээ нэгтгэж, бодитоор танилцуулж чаддаггүй нь тулгамдсан асуудал гэв. Өдгөө энэ салбарт үүсээд буй “хоёрдмол” нөхцөл байдал ч үүнтэй холбоотой хэмээлээ. Үүнийг доор дэлгэрүүлье.
Манай улсад ирэх жуулчны тоо сүүлийн саруудад эрс нэмэгдэж, оны сүүлчээр гэхэд нэг саяас давж болзошгүй талаар зарим судлаач мэдээлсэн. Тухайбал, СЭЗИС-ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн багш, судлаач Б.Мөнхтогтох “Жуулчдын урсгал өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн бөгөөд үүнийг тогтвортой хадгалж чадвал Монгол Улс 2026 онд нэг сая, тавин мянга гаруй жуулчин хүлээж авах боломжтой” гэж ярьсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн. Мөн БНСУ-аас манай оронд аяллын зорилгоор ирэх иргэдийн тоо долоодугаар сараас хойш эрс нэмэгдсэн талаар Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооныхон мэдээлсэн юм. Тэгвэл салбарын бизнес эрхлэгчид, тур оператор компанийнхан бодит нөхцөл байдал хүндхэн, аялал жуулчлалынхан өнөө жил төлөвлөсөн хэмжээндээ “ургац” авч чадахгүйг анхааруулсаар байна.
Аяллын агентлагт найман жил менежерээр ажиллаж буй Б.Гантөгс “Олон улсад аялал жуулчлал нэгэн хэвийн түвшинд тогтвортой өсөж буй бол Монголд жинхэнэ сорилттой нүүр тулаад байна. Засгийн газраас зарласан “Аялал жуулчлалыг дэмжих жил” санаачилга, “Go Mongolia” нэгдсэн бодлогын хүрээнд өнгөрсөн жилүүдэд хийсэн олон ажлын үр дүн шатахууны хомсдолд “цохиулж”, үгүй боллоо. Аялал жуулч лалынхан “Ядаж бензинээр таслалгүй, бидний аяллыг үргэлжлүүлж өгөөч” гэж төр засгаас гуйж байна. Тур оператор компаниуд, жуулчин тээвэрлэгч байгууллагууд шатахууны хэрэглээгээ хязгаарлуулсан байдалтай гурван сар орчим болов. “Одоо нөхцөл байдал арай дээрдэх нь ээ” гэтэл намар, өвөл хаяанд ирчихлээ. Төр засгийн бодлогогүй, тооцоогүй байдлаас болоод аялал жуулчлалынхан хамгийн өндөр ашиг орлого олдог, идэвхтэй үедээ шатахууны хэрүүл хийж, хий эргэлээ. Энэ салбараас их зүйл хүлээлтгүй” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
Харин жуулчны хөтөч, жолоочоор ажилладаг өөр нэгэн “Төр засаг шатахуун хэвийн олгож буй мэтээр мэдээлж, пиар хийж байгаа ч газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос үүдэлтэй хямралын сүүдэр аялал жуулчлалын салбарыг бүрхсэн хэвээр. Аяллын агентлаг, тур оператор компанийнхан үйлчлүүлэгчдээ хэрхэн тав тухтай, сэтгэл ханамжтай аялуулах тухай бус, яавал шатахуунаар таслалгүй, орон нутгийн хөтөлбөрт аяллаа дуусгах талаар боддог боллоо. Өнгөрсөн зун говийн бүсэд “шаг”-ийн шатахууны литрийнх нь үнэ 10 мянган төгрөгт хүрсэн. Энэ бол хөгжил дэвшил биш, ухралт. Шатахууны хомсдолтой холбоотойгоор агаарын болон авто гээд бүх төрлийн тээврийн зардал нэмэгдсэн. Хоёр жилийн өмнөхөн Зам, тээврийн яамнаас орон нутгийн нислэгийн чиглэлүүдийг сэргээж, тийзийн үнийг хоёр дахин хямдруулсан. Одоо гэтэл эргээд тэнгэрт хадчихлаа” гэж ярив.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал асан М.Нарангэрэл ч “Энэ жил аялал жуулчлалынхан маш хүнд сорилттой нүүр тулж байна. Орон нутгийн нислэгийн тийзийн гэнэтийн үнийн өсөлт, шатахууны хязгаарлалт, “шаг”-ийн үнэ эл салбарынхныг туйлдуулж гүйцлээ. Гэвч компаниуд эдгээр эрсдэлийг үүрээд, аяллуудаа дуусгахын төлөө зүтгүүлсээр. Ургац алдлаа гэдэг шиг тур оператор компаниуд өнөө жил олох ашгаа тийзийн үнийн өсөлт, шатахууны шагчдад тавиад туусан” хэмээн бодит нөхцөл байдлыг хуваалцжээ. “Том” тоо, өөдрөг төсөөлөл танилцуулсаар буй манай улсын аялал жуулчлалын бодит байдал нидэр дээрээ ийм л байгаа.
Н.Мишээл