Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын харьяа яамны Төрийн нарийн бичгийн дарга нар өчигдөр уулзаж, санал солилцов. Уулзалтаар хоёр улсын ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан сургуулиудын үйл ажиллагаа, орос хэлний сургалтын чанар, багшийн мэргэжлийн хөгжлийн талаар ярилцсан байна. Энэ үеэр 2026-2028 онд орос хэлний нийт 110 багшийг ОХУ-ын боловсролын байгууллагад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах санал дэвшүүлсэн юм. Монгол, Оросын хамтарсан 162 дугаар сургуульд өнгөрсөн хичээлийн жилд “Хилийн чанад дахь орос багш” төсөл хэрэгжүүлж, хойд хөршийн 15 багш ажилласан байна. Түүнчлэн Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцлээ.
Ч.Цэлмэг