
Монголын хөнгөн атлетикийн холбооноос Налайх дүүрэгт энэ сарын 26-27-нд зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-д нийслэлийн есөн дүүргээс гадна орон нутаг, клубийн тамирчид оролцлоо. Тэднээс МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн найман оюутан 17 алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Тус сургуулийн II дамжааны оюутан С.Идэрхүү 200, 400 болон холимог 4х400, С.Батзориг 4х400 болон, холимог 4х400 метрийн зайд тус бүр түрүүлсэн юм. Түүнчлэн биеийн тамирын багш, арга зүйч ангийн III курсийн оюутан Б.Мөнгөнхуяг 400 метрийнхэд хүрэл, 4х400 зайн төрөл аваргалжээ. Эмэгтэйчүүдээс IV дамжааны оюутан Э.Хонгорзул 800, 4x100, 4х400 метрийн төрөлд алтан медаль авсан бол Б.Сувд-Эрдэнэ урт, өндрийн харайлтад тус бүр мөнгө, 4х100 метрийнхэд тэргүүлсэн байна. Тус тэмцээний дараа Орхон аймагт ирэх сарын 15-нд “Эрдэнэт марафон”, есдүгээр сарын 6-нд 29 дэх удаагийн “Тал нутгийн марафон-2026”, 12-нд Сүхбаатарын талбайд “Power and UB half marathon” болно.