Хэрэглээнээс гарсан, эвдэрсэн камер, гар утас, нөүтбүүк, таблет зэргээ мөнгө болгож, байгаль дэлхийгээ хайрлах боломжийг “Хог биш, баялаг” төрийн бус байгууллагынхан хүмүүст олгож байна. Тод-руулбал, айл бүрд хэрэглэхээ больсон хэрнээ хадгалсаар байдаг электрон хаягдлуудыг тус байгууллагынхан тохирсон үнээр нь худалдан авч, зориулалтын цэгт хүргэн булшилдаг аж. Хаягдал хүлээн авах төв цэг нь Сүхбаатарын талбайн баруун талд, МҮЭХ-ны байрны II давхарт байдаг бол салбарууд нь Баянзүрх дүүрэгдэх Кино үйлдвэр, Хан-Уул дахь “Буянт-Ухаа” спортын ордон, Чингэлтэй, Багахангай төдийгүй бүр орон нутагт хүртэл үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
Хаягдал гар утас, компьютер, цэнэглэгчийн кабель зэргийг ил хаях нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд асар муу нөлөөтэй. Электрон хаягдлын доторх зарим материал нь задрахдаа хорт бодис ялгаруулж, хөрснөөс гадна гүний усыг ч бохирдуулдаг байна. Улмаар шатаахад диоксин зэрэг аюултай хий ялгаруулж, хүн, амьтан, ургамал, экосистемд хор учруулдаг.
Түүнчлэн цахилгааны утаснууд нь байгальд удаан задардаг бөгөөд гал түймэр гарах шалтгаан болдог аж. Иймд цахилгаан төхөөрөмжүүдийг ахуйн хогтой хамт хаяхгүй, электрон хог хаягдал хүлээн авах цэгт ангилан өгч, дахин боловсруулах нь хамгийн зөв арга гэдгийг дээрх төрийн бус байгууллагынхан зөвлөлөө. Электрон хаягдлаас чипийг нь дахин ашиглах боломжтой байдаг бөгөөд бусдыг нь зориулалтын дагуу булшилдаг гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Хог биш, баялаг” хуудаснаас авах боломжтой.