
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас хүнсний түүхий эдийн жишиг үнийн индексийг танилцууллаа. Тодруулбал, хэт халалт болон эрчим хүчний үнийн өөрчлөлтөөс шалтгаалан үр тариа, ургамлын тос, элсэн чихэр, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний ханш өссөн байна.
Ийнхүү тус индекс долоодугаар сарын байдлаар 131.1 нэгжид хүрсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж. FAO-гийн уг тайланд дурдсанаар үр тарианы үнэ зургаадугаар сарынхаас 3.4, улаанбуудайнх 5.8, эрдэнэ шишийнх 3.6, элсэн чихрийнх 5.6 хувиар тус тус дээшилсэн нь Хар тэнгисээр дамжих экспортын урсгал тасалдах эрсдэл нэмэгдсэн, АНУ-ын зарим нутагт халуун, хуурай цаг агаар удаан үргэлжилсэнтэй холбоотой байна.
Харин махны үнийн индекс өнгөрсөн зургаадугаар сард түүхэн дээд түвшинд хүрснийхээ дараа 2.8 хувиар буураад буй нь эрэлт сул байснаас шалтгаалжээ. Түүнчлэн бүтэн тослог, тослоггүй хуурай сүү, цөцгийн тосны үнэ суларсан аж. Үүнээс үзвэл улаан буудай, элсэн чихэр, ургамлын тос өсөлтөөрөө тэргүүлж буй юм. Дэлхийн хүнсний индекс ийнхүү цойлсон нь хэт халалт, хуурайшилт, геополитикийн зөрчил, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг хүчин зүйл хүнсний нийлүүлэлтэд дарамт учруулж, ханшийг өсгөж байгаатай холбоотойг судлаачид дурдлаа.
Д.СЭЛЭНГЭ