Колумбийн баруун хэсэгт өнгөрсөн даваа гарагт газар 7.4 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ. Уг үйл явдал нь тус улсад энэ зуунд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсныг албаныхан онцоллоо. Шинэ Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла тангараг өргөснөөс хэдхэн хоногийн дараа эл гамшиг тохиолдсон нь түүний засаг захиргаанд томоохон сорилт болохоор байна. Тэрбээр “Манай Засгийн газар иргэдийнхээ амь насыг хамгаалах, гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийн тулд бүх боломж, нөөцөө дайчилж байна. Бидний нэн тэргүүний зорилго бол нурангид дарагдсан хүмүүсийг аврах” хэмээжээ. Колумбийн орон нутгийн зарим хэвлэлд 132 хүн амиа алдсан гэх мэдээлэл гарсан ч эх сурвалж нь тодорхойгүй байгаа юм. Газар хөдлөлтийн дараах үймээн самууныг ашиглан дээрэм тонуул хийх нь нэмэгдсэн тул цагдаа, цэргийн алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллуулж байгааг Кади хотын захирагч мэдэгдсэн аж.
Үүнтэй зэрэгцэн Хятадын зүүн эргийг “Долфин” хар салхи дайрсны улмаас нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 1000 орчим түр хоргодох байр нээсэн байна. Тус улсын цаг уурын байгууллагын мэдээлснээр 151 км/цагийн хурдтай уг далайн хар салхи өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 17.30 орчимд зүүн Жэжян мужийн Юйхуань хотын орчмын эх газарт хүрсэн гэнэ. Одоогоор Шанхай хотод 30 300 хүнийг нүүлгэн шилжүүлж, 1400 гаруй нислэгийг цуцалжээ. Түүнчлэн Хятадын Усны нөөцийн яам Цяньтан, Юн, Жяо, Шуйян гол үерлэж болзошгүйг анхааруулсан. Фүжянь мужийн эрх баригчид далайн эрэг орчмын 55 зорчигч тээврийн усан онгоцны чиглэл, 115 барилгын төслийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Ташрамд, “Долфин” хар салхи үүнээс өмнө Японы өмнөд хэсгийн Окинава мужийг дайран өнгөрөхдөө зургаан хүнийг гэмтээж, 50 000 гаруй барилга, байгууламжийн цахилгаан хангамжийг тасалдуулсан юм.
Д.ХЭРЛЭН