Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин мэдээлэл өгөв. Тэрбээр “Энэ өвөл түлшний хангамж, нөөцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлнэ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны 01 дүгээр тогтоолын дагуу 280 мянган тонн хагас коксон түлшийг 288.7 тэрбум төгрөгөөр худалдан авахаар нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд зарлаж, энэ сарын 5-нд нээхээр төлөвлөсөн юм.
Гэтэл нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж Монополийн эсрэг газарт гомдол гаргасан учраас тендерийг 11-нд нээсэн. Сонгон шалгаруулалтад дөрвөн компани оролцох хүсэлт ирүүлсэн” гэв. Нийслэл өдгөө 40 456 тонн түлшний нөөцтэй бөгөөд халаалтын улиралд 80 мянган тонныг нөөцөлнө. Борлуулалтыг долоон дүүргийн хэмжээн дэх 435 цэгээр нийлүүлэх аж. Ерөнхийдөө ирэх арваннэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сар дуустал айл өрхүүдийг хагас коксон түлшээр бүрэн хангах гэнэ. Ингэснээр агаарын бохирдол сар тутамд 4.5-5.6 хувиар буурах тооцоолол гаргажээ.