
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын жингийн цуваа” олон улсын аяллыг Дундговь аймгаас эхлүүлж, малчдын уламжлалт өв соёл, нүүдлийн өвөрмөц ахуй, амьдралын хэв маягтай танилцаж байна. Тус аймгийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч, орон нутагт тулгараад буй малын бэлчээр талхлагдан доройтсоныг харуулсан аж. Түүнчлэн Эрдэнэдалай сумын аварга малчин Д.Мөнхбаатарынхаар зочилж, говийн малчдын өдөр тутмын өрнүүн амьдрал, цагаан идээ боловсруулах арга болон ингэ хөөслөх зан үйлтэй танилцуулжээ. Олон улсын төлөөлөгчид малчидтай цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалтын талаар туршлага солилцов.
Энэ үеэр Уганда улсын “Rangeland community initiative” байгууллагын төлөөлөгч Лупа Пиус хоёр тивийн малчдад тулгарч буй асуудал, байгалийн сорилт адил байгааг онцолж “Бид уур амьсгалын өөрчлөлт, удаан хугацааны ган гачигтай нүүр тулж байна. Монголын малчин өрх, айлуудын байгаль дэлхийтэйгээ харьцах ухаан, уламжлалт мэдлэг, ахмадуудаасаа туршлагыг нь өвлөж, амьдрал, ахуйдаа хэрэгжүүлдэг тогтолцоо нь онцгой сэтгэгдэл төрүүллээ. Дараагийн 50 жилд бид мал аж ахуйн салбартаа хэрхэн дасан зохицож буйг Монголын малчин өрхөөс суралцах хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Аяллыг энэ сарын 14 хүртэл үргэлжлүүлэх бөгөөд таван аймгийн нутгаар 1500 гаруй км зам туулах аж.