
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил-2026”-ийн хүрээнд Дэлхийн малчдын чуулганыг энэ сарын 10-15-нд Монгол Улсад зохион байгуулж байна. Эл арга хэмжээнд 102 улсын 200 орчим малчин оролцож буй бөгөөд тэд Монголын бэлчээр, нүүдэлчдийн онцлогтой танилцах хээрийн аялал болон бүсчилсэн хэлэлцүүлэгт хамрагдаж эхэллээ. Тухайлбал, чуулганд оролцогчид Хэнтий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймгийг зорин, нутгийн иргэдтэй уулзаж буй юм. Тэд бэлчээр ашиглалт, нүүдэлчдийн уламжлал, ахуй амьдрал, өв соёлтой газар дээр нь танилцан, харилцан туршлага солилцож байгаагаараа онцлогтой.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаа, зах зээлийн хүртээмж, залуу үеийнхний оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, үүрэг зэрэг тулгамдсан асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэж, хамтын шийдэл болон цаашдын боломжийг эрэлхийлнэ. Бүсчилсэн уулзалтуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, Улаанбаатар хотод энэ сарын 14-15-нд болох Дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Энэхүү арга хэмжээ нь малчдын дуу хоолой, туршлагыг олон улсын түвшинд хүргэх индэр болох бөгөөд салбар болон бүс нутгийн хэлэлцүүлгээс гарсан гол тунхаглалуудыг эцэслэн батлах аж. Мөн нүүдэлчдийн аж ахуйн онцлог, экосистемийн тэнцвэрт байдал, тэдний мэдлэг, соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.
У.ЦЭЦЭГ