Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр БНСУ-ын иргэн Жон Жүхёнь Жонгийг томиллоо. Тэрбээр АХБ болон Монгол Улсын хамтын ажиллагааны 2025-2028 оны түншлэлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх аж. Шинээр томилогдсон суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг “АХБ-ны үйл ажиллагаа нь эдийн засгийг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжихийн зэрэгцээ тогтвортой байдал, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэн, иргэдэд хүрэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Энэхүү тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд Монгол Улсын хөгжлийг дэмжиж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд Засгийн газар, хувийн хэвшил, хөгжлийн байгууллага болон бусад түнштэй нягт хамтран ажиллах болно” хэмээв. Тэрбээр санхүүгийн салбарт 17, үүнээс АХБ-нд ес дэх жилдээ ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн юм.
Сүүлийн жилүүдэд АХБ-ны ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж, байгууллагын стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байв. Мөн өмнө нь тус банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газарт хөдөө аж ахуйн бизнесийн хөрөнгө оруулалтыг удирдахаас гадна Монгол Улстай холбоотой төслүүдийг хариуцан ажиллаж байжээ. Жон Жүхёнь Жонг АХБ-нд ажиллахаасаа өмнө “McKinsey and company”-ийн Нью-Йорк болон Сөүл дэх салбарт менежментийн зөвлөх, Пномпень хотод НҮБ-ын Дэлхийн хүнсний хө-төлбөрт төсөл хариуцсан мэргэжилтнээр тус тус ажилласан туршлагатай.
БНСУ-ын иргэн тэрбээр Стэнфордын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр, Харвардын бизнесийн сургуулийг бизнес удирдлагын магистр, Харвардын Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийг олон улсын хөгжлийн чиглэлээр төрийн удирдлагын магистрын зэрэгтэй дүүргэсэн. Мөн мэргэшсэн санхүүгийн шинжээч юм.