
БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай Ерөнхий сайд Н.Учрал газар дээр нь танилцаж, төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхтэй холбоотой үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, тус үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, санхүүжилтээс үүдэлтэй дарамтыг бууруулах, түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэх, шаардлагатай түүхий эд, барилгын материалын хангамжийг хугацаа алдалгүй шийдвэрлэх, баталгаажуулах, зураг төслийн магадлалыг шуурхайлах, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, нарийн мэргэжлийн инженер, боловсон хүчний нөөц бүрдүүлэх, төсөлд оролцогч компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэх, дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байх үүргийг салбарын холбогдох сайд, дарга нарт өгсөн байна.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд тэргүүтэй, тус төслийг санхүүжүүлэгч талын албаны хүмүүс саяхан төслийн явцтай танилцаад, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хоёр улсын төр засгаас дээд түвшинд анхаарах чиг үүрэгтэй хамтарсан комисс байгуулжээ. Ерөнхий сайдыг ажиллах үеэр “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг тулгамдсан хэд хэдэн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг түүнээс хүссэний дагуу энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэдгээрийг хэлэлцүүлэхээр болжээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын явц, үр дүнг долоо хоног бүр биечлэн хянах байдлаар цаашид шахаж ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэлсэн байна.
Н.МИШЭЭЛ