Бидний амьдарч буй хот өдөр бүр өөрийн гэсэн хэмнэлээр “амьсгалдаг”. Яаран алхах хүмүүс, автомашины нүргээн, замбараагүй тэлэх барилга, байгууламж, учрал, хагацал, ганцаардал, итгэл найдвар гээд хотын амьдралд олон зүйл зэрэгцэн оршино. Энэ бүхний дунд хүний дотоод ертөнц ч бас өөрийн гэсэн “чимээ”-г илэрхийлдэг аж. Харин бид үүнийг хэрхэн анзаарч, юуг нь сэтгэлдээ шингээж үлдээдэг бол. Тэрхүү чимээ заримдаа чихэнд хоногшсон жигд хэмнэл шиг сонсогдох ч нийгмийн дарамт, дотоод бухимдлаас үүдэж чанга хашхираан болон хувирах нь бий. Их хотын шуугиан, хязгаарыг давсан нүргээн дунд хүн өөрийгөө гээх үү, эсвэл дотоод дуу хоолойгоо сонсож үлдэх үү гэсэн асуулт ч эндээс урган гарна. Тэгвэл эдгээр асуултад “ҮсэгТоо” нэгдлийн залуу уран бүтээлчид хариулт хайжээ. Тэд “B сontemporary” арт галерейд “Хотын чимээ” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж, Улаанбаатарын амьдрал, нийгмийн уур амьсгал болон хүний дотоод сэтгэл, мэдрэмжийг дүрслэх урлагийн олон төрлөөр илэрхийлсэн байна.
ЭСРЭГЦЭЛ БА ДОТООД МЭДРЭМЖ
Орчны шуугианаас залхаж, чихээ даран эвхрэн хэвтмээр санагдах үе хэнд ч бий. Гэвч тэрхүү нүргээний цаана хүүхэд насны гэгээн дурсамж, гэгэлгэн мөрөөдөл, амархан бөхдөггүй итгэл найдвар оршсоор байдаг. “Хотын чимээ” үзэсгэлэн нь нийслэлийн орон зайг өөр өнцгөөс эргэн харж, өдөр тутмын амьдралын дуу чимээг хүний дотоод мэдрэмжтэй сүлж, эргэцүүлэх боломжийг үзэгчдэд олгож буйгаараа онцлогтой. Улаанбаатарын амьдралд нэгэн зэрэг олон эсрэгцэл оршдог. Нэг хэсэг нь ирээдүй рүү тэмүүлж байхад нөгөө талд өдөр тутмын бэрхшээл, ганцаардлаа дотроо тээж яваа нэгэн ч бий. Мөрөөдөл, бухимдал, хүлээлт, итгэл зэрэгцэн орших энэ орчин өөрөө хотод буй нэгэн төрлийн чимээ аж. Ирээдүй нь бүрхэг мэт санагдавч хаа нэгтээ хэзээ ч бөхөхгүй гэрэл ассаар буйг Улаанбаатар хотод залуу насаа өнгөрүүлж буй уран бүтээлчид өөр өөрийн хэлээр илэрхийлсэн нь энэ юм. Тэд амьдрал, хүний дотоод ертөнц, дурсамж, мөрөөдөл, ганцаардлыг уран зураг, гэрэл зураг, анимейшн, инсталляц зэрэг дүрслэх урлагийн олон хэлбэрээр нэгэн орон зайд зангиджээ. Зарим бүтээл өнгөрсөн цагийн дурсамжийг сэрээх бол нөгөө хэсэг нь Улаанбаатарын өвлийг өөр нэгэн өнцгөөс эргэн сануулна. Ингэхдээ хотыг зөвхөн саарал, дуу чимээтэй орон зайгаар бус, хүний сэтгэлтэй хамт оршдог амьд орчин мэт харуулжээ.
ЗӨӨЛӨН МАТЕРИАЛААС ХҮЧТЭЙ ИЛЭРХИЙЛЭЛ РҮҮ
Үзэсгэлэнгийн анхаарал татах хэсгүүдийн нэг нь зөөлөн баримлын бүтээлүүд юм. Нэр нь зөөлөн ч энэ төрлийн баримал нь нарийн мэдрэмж, ихээхэн хөдөлмөрөөс гадна хүчирхэг илэрхийлэл, тэсвэр тэвчээр шаарддаг. Харин урлах явцдаа энхрий зөөлөн мэдрэмж, хайр, халамжийг шингээдэг нь уг бүтээлүүдийн гол онцлог аж. Тухайлбал, А.Мөнхтөгөлдөр зөөлөн материалыг зөвхөн техникийн шийдэл бус, бүтээлийн санааг илэрхийлэх нэгэн “хэл” болгон ашиглахыг эрмэлзжээ. Ингэснээр материал нь бүтээлийн агуулгын нэг хэсэг болж байна. Харин Э.Тогтууны бүтээлүүдээс илүү хүчтэй дотоод энерги мэдрэгдэнэ. Түүний бүтээлүүд орон зайг эзэгнэж, харагдах сүр хүчээрээ үзэгчдийн анхаарлыг эрхгүй татах нь үзэсгэлэнгийн хэмнэлд өөр өнгө нэмж байв.
ШИНЭ ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ
Залуу уран бүтээлчдийн хамтарсан анхны үзэсгэлэн учраас зарим бүтээлийн гүйцэтгэлд туршлага дутмаг зүйл ажиглагдана. Бүтээлийн санаа нь сонирхол татах ч түүнийг материал болон хэлбэрээр илэрхийлсэн шийдэл санааныхаа хэмжээнд бүрэн хүрээгүй тохиолдол ч байна. Гэвч өөрийн онцлог хэл, арга барил, илэрхийллийг ганц бүтээлээр бус, урт хугацааны эрэл хайгуулын явцад бий болгодог тул энэ нь тэдний хувьд уран бүтээлийн замналынх нь эхний чухал алхам болохыг туршлагатай урлаг судлаачид хэлж байна. Тиймээс “Хотын чимээ” үзэсгэлэнгийн үнэ цэн зөвхөн дэлгэн толилуулсан бүтээлүүдээр хязгаарлагдахгүй. Харин дүрслэх урлагт шинэ үеийнхэн өөрсдийн дуу хоолойг хүргэхээр тэмүүлж, зоригтой туршиж эхэлснийг харуулсанд оршино. Тэд нэг хотод амьдардаг ч асуудлыг өөр өөр өнцгөөс харжээ. Нэг нь дурсамжийн чимээг, нөгөө нь ганцаардлын нам гүмийг, зарим нь хөдөлгөөн, эрч хүчийг нь олж харсан байна.