Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг буюу Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд хээрийн түймэр гарсныг унтраахаар онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд гурван өдөр ажилласан ч өчигдрийн байдлаар цурамд оруулж чадаагүй байна. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сум дахь 62 дугаар анги, хилийн цэргийн 0198 дугаар анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 83 хүн, 13 автомашинтайгаар түймрийг унтраахаар 10 бүлэгт хуваагдан ажиллаж буй талаар албаныхан мэдээлсэн. Түймрийн голомтод салхи ихтэй, чиглэл нь тогтмол өөрчлөгдөж буйгаас гадна жижиг горхи, намаг ихтэй байгаа нь унтраах ажиллагаанд ихээхэн саад учруулж буй аж. Иймд Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилд нэг, хоёрдугаар экспедиц дэмжлэг үзүүлж эхэлжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Нөмрөгийн дархан цаазат газарт ажил, албаны шугамаар явж байсан “Moбиком” кîðïîðàöèйн ажилтнууд гал алдсан байх магадлалтай гэнэ.
Ташрамд дуулгахад, Булган аймгийн Сайхан сумын Тайгын өвөр гэх газарт энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг бүрэн унтраасан байна. Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Олимпын гүүрний зүүн талын барилгад гал гарч байна гэх дуудлага өнгөрсөн баасан гаргийн 22.48 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн гал түймэр унтраах, аврах зургаан ангийн 60 орчим алба хаагч, 17 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж, бямба гаргийн 04.41 цагт бүрэн унтраав. Гал “Голомт плаза”-д гарсан бөгөөд ашиглалтад оруулаагүй шинэ барилга аж. Аврагчид барилгад ажиллаж байсан гурван ажилтныг эсэн мэнд гаргаж, аюулгүй газар хүргэжээ. Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага нэмэгдэж буй тул иргэд аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
Ч.Туяа