Энэ онд Нобелийн шагнал хүртэхээр болсон хүмүүсийн нэрийг аравдугаар сарын 5-наас зарлаж эхлэв. Зарлах ажил 12-ны (өнөөдөр) өдөр хүртэл үргэлжлэх юм. Физиологи, анагаах ухааны салбарт уг шагналыг гэрлээр мэдрэлийн эсийн үйл ажиллагааг удирдах боломж бүрдүүлснийх нь төлөө АНУ-ын Карл Дайссерот, Германы Петер Хегеманн, Георг Нагель нарын эрдэмтдэд олгохоор болжээ. Тэдний хөгжүүлсэн оптогенетикийн арга нь тархи, ой санамж, сэтгэл хөдлөл, зан үйлийг судлахад шинэ боломж бүрдүүлсэн байна.
Мэдрэхүй, организмын үйл ажиллагаа, үүргийг тархи хэрхэн удирдан чиглүүлж буй нь удаан хугацааны турш тайлагдашгүй нууц хэвээр байлаа. Тархины аль хэсэг нь ямар үйл ажиллагаанд нөлөөлдгийг ХХ зуунд судалж эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байжээ. Харин оптогенетик нь судлаач, эрдэмтдэд тус болж, тархины үйл ажиллагааны талаарх бидний ойлголтыг үндсээр нь өөрчилсөн байна. Оптогенетик нь генетик болон оптикийн аргыг хослуулан хэрэглэдэг технологи бөгөөд амьд бие, тэр дундаа тархины үйл ажиллагааг миллисекундийн нарийвчлалтайгаар хянах боломж олгодгоороо онцлог. Ингээд мэдрэлийн эсийн үйл ажиллагаа болон тэдгээрийн хоорондын холбоог илүү нарийвчилж судлах үүд нээгджээ.
Карл Дайссерот 1971 онд Бостонд төрсөн, сэтгэхүй, тархины биологи судлаач юм. Тэрбээр ном, бүтээлээ голчлон тархины үйл ажиллагаа хийгээд биоинженерийн ухаанд зориулсан аж. Мэдрэлийн эсийг судлах арга зүй болсон оптогенетикийн ухааныг үндэслэгчдийн нэг гэгддэг. 1998 онд философийн, 2000 онд Стэнфордын их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Үндэсний ШУА-ийн (2012), Анагаах ухааны (2010), Инженерийн академийн түүнчлэн Америкийн философийн нийгэмлэгийн (2022) гишүүн юм.
Карл Дайссерот Харвардын их сургууль төгсөж, 1994-1998, 1992-2000 онд Стэнфордын их сургуульд философи, анагаах ухааны чиглэлээр мэргэшжээ.
Петер Хегеманн 1957 онд Германы Мюнстер хотод төрсөн биохимич, биофизикч, Гумбольдтын нэрэмжит Берлиний их сургуулийн профессор юм. Төрөлх хот болон Мюнхенд хими судалж, 1993-2004 онд Регенбургийн их сургуульд, 2005 онд Гумбольдтын нэрэмжит их сургуульд биохимийн ухааны профессороор ажиллажээ. 2015 онд Нанкины шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хүндэт профессор болсон байна.
Георг Нагель 1953 онд төржээ. Констанцын их сургуульд биологи, биофизик судалж, 1988 онд Франкфуртийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 1992-2004 онд Макс Планкийн нэрэмжит Биофизикийн хүрээлэнгийн Биофизикийн химийн хэлтсийн профессор Эрнест Бамбергийн удирдлагад бие даасан судалгааны багийг удирдаж байв. 2004 оноос Вюрцбургийн их сургуульд ургамлын молекулын, 2019 оноос тархины физиологийн кафедрийн профессороор ажиллажээ.
Карл Дайссерот нэгэнтээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Таамаглал” хэмээх ном бичсэнээ, хүний сэтгэл хөдлөлийг судалдаг учраас зохиолчийн хөдөлмөр сонирхлыг нь татдаг байсан талаар өгүүлсэн юм. “Бүлэг бүхний төвд хэн нэгний амьдралын түүх, ухаан бодол нь өөрчлөгдөн хувьсаж буй тухай өгүүлнэ. Бүлэг бүр нь нэг, хоёр хүний түүх. Бүгд тодорхой нэг хүний сэтгэл санаа хийгээд бие организмын байдлаас эхэлж, улмаар шинжлэх ухаан болон хүн төрөлхтний түүхийн гол цэг рүү шилжинэ” гэж номынхоо тухайд хэлсэн байх юм.
Дайссерот багаасаа унших их дуртай хүүхэд байж. Гайхалтай ой ухаантай учраас шүлгийг ганц уншаад л цээжилчихдэг байв. Түүнд бас хачирхалтай ч гэмээр сонирхол байсан нь цох болон машинд дайруулж осолдсон амьтныг удаан хардаг байжээ. Зам, тээврийн ослыг их анхааралтай хардаг байсан гэж сэтгүүлчдэд ярьсан удаатай.
Петер Хегеманн багаасаа Васко да Гама, Колумб, Магеллан, Кук, Нансен, Амундсен гээд их далайчин, туйл судлаачдыг гайхан биширдэг байжээ. Өөрийнх нь хэлснээр чухам энэ сонирхол нь судалгаа хийхэд сайн бэлтгэл, тэсвэр тэвчээр, эр зориг, найдвартай хамтрагч хэрэгтэй гэсэн бодол төрүүлсэн аж. Хэрэв эрдэм шинжилгээний ажил эрхлээгүй бол хэн байх байсан бол гэсэн асуултад 2023 онд “шинэ нээлт хийгч юм уу, мэс засалч” гэж хариулжээ. Энэ чанар нь түүнийг судалгааны замд хөтөлж, санхүүгийн хувьд ч үр ашиггүй, амжилт олохгүй байсан ч орхилгүй олон жил араас нь явсан эрдмийн ажил руу зүглүүлжээ.
Георг Нагель дипломтой болсон ч докторын зэрэг горилох ажилд шууд ороход бэлэн бус байснаас бага сургуульд багшилж, нөхөдтэйгөө хамтран цайны газар нээсэн аж. Италиас Колумбийн их сургуульд уригдсан профессор, хожим гэргий нь болсон Анна эрдмийн ажлаар дагнахад нь их нөлөө үзүүлжээ. Тэд 1996 онд Данид гэрлэж, Нина гэх охинтой болжээ.
“Шагнал авахаар болсон энэ гурван хүнтэй би бүгдтэй нь утсаар ярьсан. Эхлээд Дайссероттой ярихад их ядарсан шинжтэй байв. Унтаж байхад нь би залгасан юм билээ. Тэр гурав их гайхсан. Нобелийн шагнал авахаар болсондоо гурвуул хязгааргүй баяртай байгаагаа хэлсэн” гэж Нобелийн хорооны нарийн бичгийн дарга Томас Перлман ярьсан.
Тодруулга: Нобелийн шагналыг Шведийн зохион бүтээгч, үйлдвэрийн эзэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст үүнийг хүртээдэг юм. Нобель физик, хими, физиолги буюу анагаах ухаан, уран зохиол, энх тайван гэсэн таван салбарын зүтгэлтнүүдэд шагналаа олгож байхыг гэрээсэлсэн байдаг. Үүн дээр эдийн засгийн шинжлэх ухаанд гавьяат үйл бүтээгчдийг хожим нь нэмж, 1969 онд анх удаа шагнал олгосон түүхтэй.
1901 оноос хойш физиологи, эрүүл мэндийн салбарын 117 эрдэмтэн, судлаачид Нобелийн шагнал хүртээжээ. Шагнал авсан нийт хүний тоо 232 болсон байна. Нобелийн сангийн дүрэмд зааснаар хоёр ажилд уг шагналыг хүртээхээр бол тэгш хувааж, гурван хүнд бол дунд нь олгож байхаар заасан. Анагаах ухааны салбарт 36 шагналыг хоёр хүнд, 39-ийг гурван эрдэмтэнд өгчээ. Физиологи, анагаах ухааны шагналыг 1915-1918, 1921, 1925, 1940-1942 онд олголгүй өнжсөн байна. Физиологийн салбарт шагнал хүртэгдсдийн 13 нь эмэгтэй байсны дотор 1983 онд Барбара Макклинток ганцаар авсан. Тус салбарын эмэгтэй шагналтнуудын хамгийн залуу нь 31 настай Фредрик Г.Бантинг, хамгийн ахмад нь 86 настай Пейтон Роус байжээ.
Энэ жилийн нэг онцлог нь шагналын мөнгөн дүнг салбар бүрд нэг сая кроноор нэмж, 12 сая болгожээ. Шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн өөд болсон өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд болдог юм. Энхтайваны шагналыг Норвегийн Ослод бусад салбарынхыг Шведийн Стокгольм хотод гардуулдаг уламжлалтай.
Р.Жаргалант