Марокко улсын хаан VI Мохаммед Хот байгуулалтын сайд хатагтай Фатима Захра Мансурийг Сайд нарын танхимын тэргүүнээр томилж, Засгийн газрын багаа бүрдүүлэхийг даалгажээ. Ийнхүү арабын ертөнцөд Ерөнхий сайд болж буй хоёр дахь эмэгтэй нь 50 настай Мансури боллоо. Урьд нь тэрбээр Марракеш хотын захирагч, парламентын депутат байсан аж. Парламентын сонгуулийн дүн гараад дөрөв хонож байж түүнийг томилсон шийдвэрийг олон түмэнд сонордуулсан байна. Арабт Ерөнхий сайд байсан анхны эмэгтэй нь Тунист энэ албыг хашсан Нажла Буден гэгч юм.
Мароккогийн сонгуулийн тогтолцоо парламентад нэг нам дийлэнх олонх болоход төвөгтэй юм байна. Ерөнхий сайдыг томилох эрхийг Үндсэн хуулиараа хаан эдэлдэг, хүнээ тэрбээр парламентийн сонгуульд ялсан намаас сонгож авдаг. Мансури хааны багын анд бөгөөд ойрынхнь зөвлөх Фуад Али эль-Химмагийн үндэслэн байгуулсан товчлон РАМ гэж нэрлэдэг, сонгуульд ялсан “Үнэн ба өөрчлөлт” намд 2008 онд элсэн, Францад их сургууль төгсөж ирээд 2024 онд удирдагчдынх нь нэг болжээ. Мансури нь “Марракешийн эцэг” гэгддэг, өндөр алба хашиж явсан, Арабын Нэгдсэн Эмират Улсад Мароккогийн элчин сайдаар сууж байсан, томоохон газар эзэмшдэг, Марракешийн өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж байсан Абдерахман эль-Мансуригийн охин.
РАМ нам өнгөрсөн сарын 23-нд болсон сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 395 суудлын 97-г нь авч ялалт байгуулжээ. Түүний ард орсон намууд 66, 65, 54, 29 суудал авсан байна. Ялсан нам дийлэнх олонх болоогүй тул Фатима Мансури эвслийн Засгийн газар байгуулахын тулд бусад намтай хэлэлцээр хийхээс аргагүй болжээ.
Мансури 2021 онд Нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хот байгуулалт, орон сууцын бодлогын сайд болж Засгийн газрын бүрэлдэхүүнд оржээ. Тэрбээр өөрийг нь уриа лоозонгоор биш, хийсэн ажлынх нь үр дүнгээр үнэлэхийг хүсдэг бөгөөд намаа улс орныг удирдах чадвар, туршлагатай гэж үздэг аж. Мансурид ажлаа өгч буй Азиз Аханнуш нь сонгуулиар хоёрт орсон “Тусгаар тогтногчдын үндэсний холбоо” намыг тэргүүлдэг. Энэ хүн 2021 оны аравдугаар сараас Ерөнхий сайдаар ажиллажээ. Түүний Засгийн газар гурван намын эвслээс бүрдэж байв.
Фатима Захра Мансурийг олон чухал сорилт хүлээж байгаагийн дотор залуусын ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, улс төрд иргэд үл итгэх явдал нэмэгдэж буй зэрэг орж байна. Саяны сонгуульд л гэхэд сонгогчдын оролцоо ердөө 38 хувьтай байсан нь сүүлийн 20 жил дэх хамгийн доод үзүүлэлт болов. РАМ нам эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг энэ онд таван хувьд хүргэхээр амлаж, шинэ Засгийн газар нэг саяас доошгүй ажлын байр бий болгоно хэмээн мэдэгджээ .
Мансури хуулийн фирм байгуулж, арилжаа, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. 2009 онд нэрээ дэвшүүлж өрсөлдөөд Марракеш хотын захирагчаар сонгогдсон. Нэг сарын дараа өрсөлдөгч намуудын сэдлээр сонгуулийн дүнг хүчингүй болгов. Үүнийг эсэргүүцэж нам нь 48 цаг ажил хаяжээ. “Ардчилсан хүчний фронт”-ын Тами Хияри сонгуулийн дүнг цуцалсан шийдвэр нь санал хураалтын явцтай холбоотой болохоос Фатима Мансурид хамааралгүй хэмээн мэдэгдэж давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүхийн түрүүчийн шийдвэрийг хүчингүй болгуулав.
“Jeune afrigue” сэтгүүлд 2010 оны нэгдүгээр сард нийтлэгдсэн өгүүлэлд дурдсанаар Мансурийг Марракешийн захирагчаар ажиллаад хагас жил болоход хотын орлого гурван хувиар нэмэгдсэн. Мансури удирдлагын тунгалаг арга барил сонгож олон түмэнтэйгээ хамтран ажиллаж, хотын иргэдтэй долоо хоног бүр уулздаг байж. Ядуурлыг эцэслэж, ус, цахилгаангүй 20 мянган хувийн аж ахуйн бэрхшээлийг шийдэж өгөхөөр амлажээ. Түүнийг огцрох өргөдлөө хотын зөвлөлд өгсөн гэх мэдээлэл 2011 оны долоодугаар сарын эхээр дуулдав. Орлогч нь шийдвэрийг нь үг дуугүй хүлээн авч байхыг шаардсан нь өргөдөл өгөх шалтгаан байлаа. Эрх мэдлийн төлөөх дотоод тэмцлээсээ үүдэн намаасаа гарна ч гэх болсон. Түүнээс гадна хотын захиргаанд хийсэн зарим нэг өөрчлөлт нөлөө бүхий бүлгүүдийн санаанд нийцсэнгүй. Гэлээ ч өөрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх баталгаа Мансури авч хариуд нь огцрохгүй үлдсэн байна.
Марракеш хотын аялал жуулчлалын салбарын ажилд шүүмжлэлтэй хандсан Хууль зүй, иргэдийн эрх чөлөөний сайд Мустафа Рамидын мэдэгдэлд 2012 оны дөрөвдүгээр сард ил захидлаар эсэргүүцлээ хурцхан илэрхийлэв. Түүндээ төрийн өндөр албан тушаалтан ийм үг хэлж буй нь хариуцлагагүй төдийгүй хот хийгээд оршин суугчдыг гутааж, хүлцэх зарчмыг зөрчиж байна гэж бичжээ. 2021 оны есдүгээр сард хотын захирагчаар улиран сонгогдов. Удалгүй Орон сууц байгуулалтын сайдаар томилогдлоо.
2026 онд парламентын сонгуульд намаа удирдан оролцож эрх баригч намыг ялагдуулснаар олонхын суудалд ихэд ойртуулжээ. 2026 оны есдүгээр сарын 29-нд VI Мохамед хаан түүнийг ордондоо хүлээн авч Марокко улсын Ерөнхий сайдаар томилов. 1911 онд тус улсад Ерөнхий сайд хэмээх албан тушаал бий болгосноос хойш түүнийг хаших болж буй анхны эмэгтэй нь Фатима Захра Мансури юм. Тэрбээр нөхөргүй, хоёр хүүхэдтэй.
Ташрамд, Араб дахинд анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон Нажла Будений тухай цухас өгүүлье. Тэрбээр 2021 оны аравдугаар сард уг албанд томилогдож 2023 он болтол ажиллажээ. 63 настай байсан Нажла Буден шинэ Засгийн газраа авлигатай тэмцэхийн чухлыг онцолж байжээ.
2021 оны долоодугаар сарын 25-нд Ерөнхийлөгч Саид Ерөнхий сайд Машишийг халж, гүйцэтгэх засаглалыг бүхэлд нь гартаа авч, парламентын үйл ажиллагааг түр зогсоов. 2021 оны есдүгээр сард гаргасан зарлигаараа Саид өөрийн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын эрхийг өргөжүүлж, Засгийн газрыг парламентад биш, Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажлаа тайлагнадаг болгожээ. Энэ үед Үндэсний инженерийн сургуулийн геологийн ухааны профессор байсан Нажла Буден 2011 оноос Дээд боловсролын яаманд багшлах боловсон хүчний чанарыг хариуцдаг болсон байв. Шинэ Засгийн газар төвхнүүлэхийг 2021 оны аравдугаар сарын 29-нд Ерөнхийлөгч түүнд даалгав. Аравдугаар сарын 11-нд Сайд нарын шинэ танхим тангаргаа өргөжээ.
Р.Жаргалант